Монголын “Стратегийн орд” ба иргэний нийгэм, төр засаг, гадаадын хөрөнгө оруулагчдын хоорондох тэмцэл
By ucsadul, on 8 July 2015
Д. Бум-Очирын бичсэн энэхүү нийтлэл нь Монгол дахь уул уурхайтай холбоотой сүүлийн үеийн өрнөл, иргэний нийгмийн жагсаал цуглаан (Монголоор заримдаа “популист цуглаан” ч гэдэг), хувийн хэвшлийн бизнесийн тодорхойгүй байдал, төр засаг хийгээд эзэмшил, хяналтын хэлбэрүүдийн талаар авч үзнэ.
Орчуулсан: Шагдарсүрэнгийн Номиндарь
Уул уурхай ба Төр засаг
2015 оны 5 сарын 19 бол Монголд төдийгүй, дэлхий дээрх зэсийн хамгийн том орд газар болох Оюу Толгойг хөгжүүлэх асуудалтай холбоотой олон улсын хамтын нийгэмлэгүүдийн хувьд түүхэн өдөр байлаа.
Хоёр жил шахуу сунжран үргэлжилсэн маргааны дараа Монгол Улс, Рио Тинтотой Оюу Толгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг өргөжүүлэх 5,4 тэрбум ам.долларын гэрээнд гарын үсэг зурав. Олон улсын хэвлэлүүдээр Ерөнхий сайд Ч. Сайханбилэгийн “Монгол [одоо] бизнестээ буцан орж ирлээ” гэж хэлснийг иш татан байж энэ талаарх мэдээг түгээн цацав.
Монголд бол Ерөнхий сайд “Энэ тохиролцоонд гарын үсэг зурсан тал бол Ерөнхий сайд ч биш, Монголын төр ч биш, харин хоёр компанийн төлөөлөл юм” хэмээн болгоомжтойёо мэдэгдсэн ба цаашлаад энэ хоёр компанийн ажил хэрэг дэхь Монголын Засгийн Газар хийгээд улс төрчдийн аливаа оролцоог эцэслэн зогсоохын чухлыг цохон тэмдэглэв.
Олон талаар нь, энэхүү мэдэгдлийг Монголын чөлөөт эдийн засгийг дахин тунхаглаж, улсын эдийн засаг дахь төрийн зохицуулалтыг халж буй (неолиберал засаглалтай аль ч газар байдаг практик) явдал гэж харж болно. 2017 оноос эхлэн төлөх ёстой хагас сая гаруй долларын өрөө барагдуулахын тулд эдийн засгаа бэлдэх, бэхжүүлэх зорилгоор гадаадын хөрөнгө оруулалтыг дуудах үүднээс Монголын Засгийн Газар иймэрхүү тунхаглал хийх хэрэгтэй байсан гэж үзэж болохоор байна.
Хэдий тийм боловч, хэд хэдэн орд газрууд “стратегийн” хэмээх тодотголд орж, төрийн зохицуулалтанд байх хэвээр байна. Олон орд газрыг стратегийн хэвээр үлдээснээр Төр улс нь өөрийн эх орон, түүнийхээ баялагийг хянах боломжтой хэвээр байгаа гэсэн үг бөгөөд ингэснээр уул уурхай дахь улс төрийн оролцоо зайлшгүй байх нөхцлийг үүсгэж байна. Энэ нөхцөлд улс төрийн оролцоог таслан зогсоох Сайханбилэгийн уриалга харьцангуй бүрхэг харагдана. Монгол ийнхүү томоохон орд газруудаа улсын стратегийн болгож, төрийн зохицуулалтанд байлгаж байгаа нь Төр засгийн хяналтыг хязгаарладаг “дэлхийн чөлөөт эдийн засгийн засаглал” (“неолиберализм” нэрээр ч хэлэгддэг)-ын эсрэг зориуд хийж буй улс төрийн алхам юм.
Иргэний нийгмийн тэмцэл
Оюу Толгойн далд уурхайг хөгжүүлэх үе шатыг үзэглэсний дараа иргэний нийгмийн хэд хэдэн тэмцэгчид сэтгэл дундуур байгаагаа тун өвөрмөц аргаар илэрхийлэв. Хэвлэлийн бага хурлаар эсэргүүцлээ илэрхийлсэн иргэний нийгмийн хөдөлгөөнүүд, тэр дундаа Гамшгийн Эсрэг Үндэсний Төв, Гал Үндэстэн Холбоо хамтран 6 сарын 10-нд Богдхан уулын хормойд байх эртний түүхт бөөгийн зан үйлийн газарт Ерөнхий сайдын “гайг арилгаж, золигт гаргах” ёслол үйлдэж, түүний хөрөг бүхий “Ч. Сайханбилэгийн үйлдсэн гэмт хэрэг”-үүдийг жагсаасан зурагт хуудас шатаав.
Бурханы болон бөөгийн шашны уламжлалын аль алинд нь ихээхэн хэрэглэгддэг энэ зан үйлийн уугуул утга санаа нь тухайн хүнийг нүгэл хилэнцээс нь цэвэрлэж, чөтгөр шулмын аюулаас сэргийлэхэд оршдог. Харин тэмцэгчдийн хийсэн саяын зан үйлд цэвэрлэхээс илүүтэй шийтгэх байдал илэрхийлэгдлээ. Миний мэдэж байгаагаар ийм зан үйл эртнээс “төр баригч” хэмээн хүндлэгдэж, хагас дагшин шинж агуулдаг төрийн албан хаагчдын эсрэг хэзээ ч болж байгаагүй юм.
Эсэргүүцлийн энэхүү зан үйлийн үеэр Ерөнхий сайдыг урвагч, эх орноосоо илүүтэйгээр харь оронд үйлчлэгч хэмээн буруутгав. Мэдээний цахим хуудсуудаар цацагдсан зан үйлийн дүрс бичлэгт хадны сүг зурагтай цохио, овоо, хадгаар бүрхсэн мод, саваа бүхий бөөгийн зан үйл гүйцэтгэх газарт жирийн хувцастай нэгэн эмэгтэй эл ёслолыг үйлдэх болсон шалтгаан, зорилгыг уншиж танилцуулж байгаа харагдана. Энэ үеэр цагдаагийнхан болон Онцгой Байдлын Ерөнхий Газрынхан хамтран Улсын хамгаалалттай газарт гал тавихаа зогсоохыг шаардаж уг ёслолыг зогсоов. Бөөгийн хараал маягийн далд утганаас нь болж, улс төрийн иймэрхүү эсэргүүцэл олон хүний хувьд хачин санагдсан нь лавтай.
“Стратегийн орд” хэмээх ойлголт нь Төр байгалийн баялагаа хяналтандаа байлгахыг тунхаглаж, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг баталгаажуулахад оршдог. Гэвч гадаадын хэд хэдэн хөрөнгө оруулагчдын хувьд энэ нь олон улсын тавцан дахь Монгол Улсын байр суурийг ганхахад төдийгүй Монголын эдийн засаг хэр чөлөөт болох талаар тэднийг тээнэгэлзэхэд хүргэж байгаагаас гадна “баялагийн үндсэрхэг үзэл” гэх мэт эзэрхэг суртал нэмэгдэхэд хүргэж байгаа аж.
Нөгөө талаас, иргэний нийгмийн олон хөдөлгөөнүүд “стратегийн орд газрын бодлого”-ыг гадаадын хөрөнгө оруулагчдад л үйлчилдэг болохоос улс орныг хамгаалахад ямар ч үүрэггүй зүйл гэж харж байна. Тэд байгаль орчин, соёлын өвд хэмжээлшгүй их хор хохирол учруулж, улс оронд хүрэлцээтэй хувь хэмжээ авахгүй хэрнээ татвар, роялтийн хангалтгүй хувь оногдуулж байгаад нь Засгийн газрын зүгээс гадаадын хөрөнгө оруулагчидтай хийж буй тохироонд шүүмжлэлтэй хандаж байгаа төдийгүй, олон хүн үндэстэн дамнасан хөрөнгө оруулагчид болон глобал эдийн засгийн хүрээнд хэрэгжиж буй “колониализм”-ын аюул нүүрлэж буйд санаа зовниж байна.