X Close

Emerging Subjects Blog

Home

Emerging Subjects of the New Economy: Tracing Economic Growth in Mongolia

Menu

Манжийн үед 10 сая, өнөөдөр 400 сая хонины өртэй бид

By uczipm0, on 24 June 2016

Х. Батсуурь.

Энэхүү нийтлэл Монголын нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалыг 20-р зууны эхэн үеийн Чингийн сүүл болон хувьсгалт тэмцэл өрнөсөн цаг үетэй харьцуулан дүн шинжилгээ хийжээ. Доорх нийтлэлд онцлон авч үзсэнчилэн үндэсний эрх баригчидтай хамтарсан гадаадынханы эдийн засаг, улс төрийн нөлөө монголд хүчтэй болж тэдний үйл ажиллагаа өр, ядууралыг нэмэгдүүлж мөлжлөгийн тогтолцоог бий болгон эсэргүүцэлийн хөдөлгөөн хувьсгалт тэмцэлд хөтөлж байгаагаараа адил төстэй гэж үзжээ.

Х. Батсуурь Лондонгийн Эдийн Засгийн Сургууль төгссөн эдийн засагч мэргэжилтэй, “Шинжээч” сэтгүүлийн редактор, тус сэтгүүлийг санаачлагчидын нэг, “Шинэ субьектууд” (Emerging Subjects) судалгааны төслийн зөвлөх юм. Тэрээр сүүлийн жилүүдэд өнөөгийн Монголын эдийн засаг, улс төр, нийгмийн тулгамдсан олон асуудлуудыг судлан шинжилж, санал шийдлээ дэвшүүлсэн. Чөлөөт зах зээл, шинэ либерализм, капитализм, ардчилал, засаглал, өр, татвар, банк, офшор, бонд, худалдаа, уул уурхай, хөрөнгө оруулалт, олон улсын харилцаа гэх мэт олон маргаантай сэдвийг судлан үзэж эрдэм шинжилгээний болон олон нийтийн хэвлэл мэдээлэлийн өгүүлэл, нийтлэл хэвлүүлжээ. Сүүлийн үед тэрээр мэргэжлийн мэдлэг чадвар, нарийн гүнзгий судалгаагаараа олон нийтийг байлдан дагуулж байгаа төдийгүй тэрээр Тусгаар Тогтнол, Эв Нэгдлийн Намаас (улсийн их хурлын) сонгуулид нэр дэвшиж байгаа болно.  

 

1844 онд Францын жуулчин Ё.Гюктай Орост уулзсан Хятадын нэгэн худалдаачин хэлэхдээ: “та бидний мэргэжил бол Монголчуудыг идэхийн тулд адилхан тийм үү? Та нар уншлагаараа иддэг, би наймаагаараа, зээлийн хүүгээр иддэг. Худалдаачид бид Монголчуудыг үс арьстай нь залгиж байна. Та Монголчуудыг ер мэдэхгүй байна. Харахгүй байна уу?, тэд нар чинь цөмөөрөө ер хүүхэд шиг улс… Монголчуудын өр гэдэг ер дуусашгүй зүйл. Өр нь үеийн үед ач гучдаа шилжиж байх зүйл. Аяа, Монголын өр гэгч юутай сайхан зүйл гээч. Энэ ч ёстой алтан хайрцаг гэгч дээ” хэмээн хэлснийг манай нэгэн түүхч бичин үлдээжээ.

Бага байхад дунд сургуулийн түүхийн хичээл дээр “гадаад дотоодын шунахай худалдаачид, баяд, ноёдын дарлал, мөлжлөгийн эсрэг ард түмэн тэмцэж хувьсгал хийсэн” гэж үздэг байсан нь миний санаанд тод үлдсэн. Харийн, гадны түрэмгийлэгчдийн хувьд бол ойлгомжтой, харин дотоодын дарлан мөлжигчид гэж хэн билээ, Монголчууд яагаад бие биенээ дарлах ёстой вэ гэсэн бодол 13 настай бяцхан хүүд асуулт болон үлдэж байсан юм. 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгал, 1921 оны ардын хувьсгал хоюулаа гадаадынхны мөлжлөг, дотоодын дарангуйллын системийг түлхэн унагаах зорилготой гарч, үүргээ гүйцэтгэсэн юм. Гадна, дотны дарангуйлагчид тус тусдаа ажиллаж байсан уу гэвэл үгүй. Дотоодын зарим нэг урвагч этгээдүүд Монголын ард түмнийг дарангуйлан мөлжих, үндэсний баялгийг цөлмөн хоослох тал дээр гадныхантай үгсэн хуйвалдаж амь нэгтэй ажиллаж байсан нь түүхэн баримтуудаар нотлогддог.

“Зууны Мэдээ” сонины 2016 оны 6 дугаар сарын 7-ний өдрийн дугаарт гарсан нийтлэл

“Зууны Мэдээ” сонины 2016 оны 6 дугаар сарын 7-ний өдрийн дугаарт гарсан нийтлэл

 

Өнөөгийн Монголын гадаад өрийн нөхцөл байдал нь 1911 оны үеийн өр зээлийн асуудалтай тун ижил нөхцөл байдал үүсээд байна. Таван Толгойг тойрсон асуудлууд, Оюу Толгойн Дубайн гэрээг үзэглэсэн нөхцөл, өдрөөс өдөрт өсөн нэмэгдэх өр, зээлийг хархад манай зарим нэг эрх баригчид гадныхантай амь, агаар нэг байдаг мэт . 1911 онд үндэсний эрх чөлөөний хувьсгал гарсан шалтгаануудын нэг нь Монгол улс гадаад өрийн дарамтанд орсон байсан асуудал юм. Тухайн үед Хятадын худалдаачид нутгийн ноёд, түшмэдүүдийг хахуульдан дотор газраас авчирсан цай, бөс даавуу, эд барааг Монголчуудад өндөр үнээр “шахаж” зээлээр өгсөн бараандаа 2-3 дахин нугарсан хүү тооцдог байсан ба хошууны ноёдуудтай үгсэн хуйвалдах замаар энгийн ардуудад өрийн хатуу болзлыг тулган хүлээлгэх, албадан төлүүлэх, мөн хошуу ноёд ч өөрсдийн тавьсан өрийг ард, иргэдээрээ төлүүлэх бусармаг ажиллагааг төрийн нэрээр хэрэгжүүлдэг байсан.

Тухайлбал түүхэнд үлдсэнээр, тухайн үеийн эрэлт ихтэй бараа болох ногоон цай нь 0.8 лан мөнгөний үнэтэй байсан ба худалдаачид зээлдүүлэхдээ үнэнд нь 1 хонь (2-3 лангийн үнэтэй) авахаар тохирч, нэг жилийн хүүд нь мөн нэг төлөг авна. Хэрэв зээлдэгч жилийн дараа төлж чадахгүй бол хүүнд авах төлгийг эх болгож, цааш нь бас хүү үржүүлнэ. Арьс шир, ноос зэрэг түүхий эдэд ч ийм журмаар хүүнээс хүү үржүүлж, нэг нэхийний хүүд заримдаа 2-3 нэхий хүртэл авдаг байжээ.

Хятад худалдаачид Монголчуудаас мөлжиж авсан малынхаа заримыг нь нутагт нь адгуулан ашиг шимийг нь авдаг болсноос хувьдаа малтай хятадууд олширч Монгол эхнэр авч, мал маллан амьдрах нь ихэссэн байна. Зарим худалдаачид “хүчний хүн” гэж нэрийдсэн ядуу Монголчуудыг зарцлан малаа маллуулдаг байсан. Эдгээр гадны мөлжигчид манай бэлчээрийг ашиглачаад төлбөр төлдөггүй байсан. Тухайн үед албаны өр, амьны өр гэж байсан ба албаны өрийг ч, эрх мэдэлтэй ноёдын амьны хэрэгцээнд тавьсан өрийг ч ард иргэд төлөх болдог байсан. Хятад худалдаачидын хувьд эрх мэдэл бүхий этгээдүүдэд алба, амьны хэрэгцээнд нь их хэмжээний зээл “шахаж” хошууны харьяат ардуудаар төлүүлэх гэрээг хийдэг байсан нь тун ашигтай, амар мөлжлөгийн хэлбэр байсан байна. Өрийн шийдлийн зарлигт зээлээ төлж чадахгүй болсон ардуудын өрийг хамаатан саднаар нь, сураггүй болсон, нас барсан хүмүүсийн өрийг хошууны харьяат ардуудаар төлүүлэх журамтай байсан байна. Хятад худалдаачин Баянсан, Далай нар “бид таван лангийн оронд арван лан, арван лангийн оронд хорин лан авдаг заншилтай. Бид илүү авсан мөнгөний хэдэн хувийг хэрэг шийтгэх ноёнд барьдаг” хэмээн хэрхэн авилгал хээл, хахуулиар өр, зээлийн асуудлаа шийддэг байснаа түүхэнд тэмдэглэн үлдээжээ. Тухайн үед Монголын зарим нэг улсаа худалдсан, ноёдууд, нөлөө бүхий баячууд Бээжинд өөрийн хаус, байшин, эдлэн газартай байсан нь манай өнөөгийн зарим нэг эрх баригчидын гадаадад, оффшор бүсэд данстай, үл хөдлөх хөрөнгөтэй байгаатай адил юм.

Хятадын худалдаачид өрийнхөө хүүг л хураан авч, эх өрийг нь тогтмол орлогын эх булаг болгон хэвээр нь байлгахыг эрмэлздэг байсан төдийгүй Монголчуудыг туйлын ядуу, мунхаг байлгаж бүх түүхий эд, баялгийг нь маш хямдаар, эсвэл үнэгүй авч байх бодлогыг барьдаг байсан юм.

Монголын түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн энэ гадаад өр, гадаад дотоодын шунахай этгээдүүдийн хуйвалдаан, дарлал, мөлжлөг авилгалын энэ асуудлууд та бидэнд өнөөдөр танил биш байна гэж үү? Надад бол дэндүү танил байна.

Түүхэнд Ховдын хязгаарын “Цэцэг нуурын дугуйлан” хэмээн алдаршсан Ард Аюушийн хөдөлгөөн нь чухамдаа л Хятадын шунахай худалдаачид болоод тэдэнтэй үгсэн хуйвалдаж ард иргэдээ давхар мөлжиж байсан хошуу ноён Маньбадар гүнгийн үйл ажиллагааг эсэргүүцсэн, гадаад өрийн дарамтыг сөрөн зогссон ард түмний тэмцэл байсан юм.

Batsuuri Image 2

1911 он гэхэд Монгол улсын нийт гадаад өр 30 сая лан мөнгө хүрээд байсан нь түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Тухайн үед нэг хонь 3 лан мөнгөний үнэтэй байсан гэж үзвэл нийт 10 сая хонины өртэй байсан байх нь. Харин өнөөдрийн байдлаар бид хамгийн багадаа 24 тэрбум долларын гадаад өртэй байна. Нэг хонийг өнөөдрийн ханьш $60 доллараар (120 мянган төгрөг) тооцвол өнөөдөр манай улс ойролцоогоор 400 сая хонины өртэй байна. Гэтэл бид ердөө 55 сая толгой малтай, үүнээс хонь 24 сая. Ямартай ч бид өнөөдөр Манжийн дарангуйллын үеийнхээс 40 дахин их гадаад өрийн дарамтанд амьдарч байна. Эдийн засагт орж ирж буй $1 доллар тутам бид $4.5 доллар зарцуулж байгааг хархад өртэй байхаас ч аргагүй, ямар гээчийн гаж тогтолцоо, хаанахын хэний бодлого вэ гэж бодогдмоор.

Өнөөдрийн Монголын нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцлийг хархад аль 170 гаруй жилийн өмнө тэр нэгэн Хятад худалдаачны хэлсэн “Монголчуудын өр гэдэг ер дуусашгүй зүйл. Өр нь үеийн үед ач гучдаа шилжиж байх зүйл. Аяа, Монголын өр гэгч юутай сайхан зүйл гээч” үг дахин биелэлээ олох нөхцөл бүрэлдэж байна уу даа гэмээр. Бидний өвөг, дээдэс шударга бус хууль цааз, харийн болоод дотоодын шунахай этгээдүүдийн үгсэн хуйвалдсан луйвар, мөлжлөгийг эсэргүүцэн тэмцэж өрийн дансыг шатааж өөрсдийгөө болоод үр хүүхэд биднээ гадаад, дотоодын мөлжлөгөөс чөлөөлсөн. Харин бид яах вэ? Бид үр хүүхэддээ өр үлдээх ёсгүй, тэдний ирээдүйг харлуулах эрхгүй. Бид ил далд мөлжлөг, дарангуйллыг хүлээн зөвшөөрөх ёсгүй. Бидэнд сонголт байна, сонголтоо зөв хийх цаг нь ч болсон. Асуудлыг ойлгодог, гарц гаргалгааг санал болгож байгаа нэр цэвэр хүмүүсээ сонгож итгэл хүлээлгэх цаг нь болсон байна.

Х.Батсуурь /эдийн засагч/

“Зууны Мэдээ” сонины 2016 оны 6 дугаар сарын 7-ний өдрийн дугаарт гарсан нийтлэл.

ном зүй

Б.Уламбаяр. МУИС. Түүхийн эрхлэгч. Он сар өдөргүй Гадаад болон дотоод худалдааны түүхэн тойм, алба татварын тухай.