X Close

Emerging Subjects Blog

Home

Emerging Subjects of the New Economy: Tracing Economic Growth in Mongolia

Menu

Өрийн сүлжээ: Барааны зээлээр бэлэн мөнгөнд хүрэх нь

By ucsaar0, on 22 March 2016

English1

Орчуулсан: Шагдарсүрэнгийн Номиндарь

Энэ бол өр, зээлийн талаарх цуврал өгүүллэгүүдийн эхнийх нь юм.

Ломбард, банк, банк бус санхүүгийн байгууллагууд (ББСБ) Монголд газар сайгүй тархжээ. Улаанбаатарт бол булан тойроод л бага хүүтэй зээлийн сурталчилгаа олж харна. Хүмүүс маш амарханаар бэлэн мөнгөнд хүрэх боломжтой гэсэн энэ санаа, хүн бүр өртэй байгаа мэт байдлыг бүдгэрүүлэх нь жигтэй. Үнэн хэрэгтээ, ихэнх хүмүүсийн халаас дараагийн төлбөрөө хэрхэн хийх вэ гэсэн түгшүүртэй дарамтанд автсан байх ба төлөгдөөгүй өрүүд яван явсаар барьцааны хөрөнгийг эзэмших зах зээлийг бий болгон, томруулж байна.[1]

Хувийн зээл хувь хүмүүсийг заналхийлэн нөмөрч байхад, улсын өр ч замаа алджээ. Хувь хүмүүсийн өр, улсын өрийн аль аль нь олон талаар бие биенийхээ тусгал болж байна. 2008-2012 онд хүмүүс ирээдүйн өсөлтөнд найдаж, ихээхэн хэмжээний зээл авч байв (Батсуурь 2015: 12). Гэвч энэ өсөлт биелэлээ олоогүйгээс хүмүүс зээлдүүлэгчидтэйгээ хийсэн хэлэлцээрээ эргэн харах буюу амиа аргацаахын тулд арай бага хэмжээний зээл авахад хүрсэн билээ.

Эдийн засагч Халтарын Батсуурийн тэмдэглэсэнчлэн, “Улсын их өрийн хажуугаар хувийн өр огцом өсч байгаа энэ байдал Монголд эдийн засгийн хямрал хурдацтай нүүрлэж байгааг харуулж байна” (Батсуурь 2015: 12). Тэтгэвэрийн мөнгө зээлийн барьцааны томоохон эх үүсвэр болдог тул тэтгэвэрийнхэн түүнээ барьцаалж гэр бүлийн гишүүддээ зээл авдгаас өдгөө тэтгэвэрийн насныханы  80 гаруй хувь нь өртэй байгаа гэх таамаглал байна. Зээл авсан хүмүүсээс, тэр дундаа цалингийн орлоготой нэгнээсээ зээлдэх нь аль ч салбарт элбэг бөгөөд ийнхүү, өрийн салбарласан сүлжээг үүсгэж байна.

Монгол ёс заншил өргүй байхын үнэ цэнийг зааж байдгийг “Өргүй бол баян, өвчингүй бол жаргал” гэдэг зүйр үгээр жишээлэн харж болно (Батсуурь 2015:5). Гэтэл өр гэдэг асар нийтлэг зүйл болсон учир өнөөдөр энэ санаа хүртэл өөрчлөгдөхөд хүрч байгаа нь “Өр, зээл гэдэг хоёр өөр ойлголт. Xүнээс мөнгө зээлээр аваад төлөх болоогүй үед энэ бол өр биш, зээл юм. Xарин өр гэдэг бол чи авсан зээлээ төлж чадахгүй болсон үед л бий болдог эд” гэх мэт шинээр гарч ирж буй тодорхойлолтуудаар илэрч байна (Батсуурь 2015:5).

Анкара гудамж

Анкара гудамжинд дор хаяж долоон ломбард байрладаг. [3] Энд голчлон эмэгтэйчүүд ажилладаг ба тэд даруу, хашир хянамгай байж, хананд хадсан самбарууд руу заан, асуултаас зайлсхийх аж. Ломбардууд нь ихэвчлэн үсчин, гоо сайхны салон, зоогийн газар болон хумсны салонуудын өрөөнд зэрэгцэн орших бөлгөө. Хүмүүс ерөнхийдөө сар бүр үсчинд очдог бөгөөд энэ үе зээлээ төлөх ёстойг нь далдаар сануулдаг тул үсчин, ломбардны ийм хэлхээ холбоо нэн өгөөжтэй байдаг гэсэн тайлбар бас сонслоо. Ломбардны эзэн өөрийг нь өрөөний бусад хэсгээс тусгаарласан кабинд суух ба үйлчлүүлэгч түүнтэй ярилцах, гэрээ маягт бөглөх болон бэлэн мөнгө авах үүднээс үнэт зүйлсээ гардуулах үед олон камер түүн рүү тусч байдаг. Банк болон ББСБ-уудтай харьцуулахад ломбардны зээлийг авахад барьцаа хийгээд бичиг цаасны ажил багатайгаараа илүү хялбар ч, зээлийн хүү нь хамгийн өндөр байдаг.

Image 1. Salon, Pharmacy, Pawnshop Resized

Гоо сайхны салон, Эмийн сан, Ломбард.

 

Ломбардууд олон асуулт асуух юм уу маягт бөглүүлэхгүйгээр бэлэн мөнгө олгодог ч, тэд өгсөн мөнгөнийхөө оронд тэнцэл болгох барьцаа авч, зээлдэгчийн болон гэр бүлийнх нь хүмүүсийн утасны дугааруудын урт жагсаалт хийдэг. Гэвч энэ нь ломбардны зээлийг хувь хүн хүссэн зоргоороо авч болно гэсэн үг биш юм. Ломбард бол төлбөр хийх ёстой бүхэл бүтэн бүлэг хүмүүстэй тогтоох харилцааг хадгалан барих арга ажээ. Ломбардад өгч буй утасны жагсаалт нь тухайн хүмүүсийг өрийн сүлжээнд татан оролцуулж байгаа хэрэг бөгөөд, энэ нь ломбардны эздийн хувьд ч танил зүйл аж. Учир нь тэд ч гэсэн, бизнесээ байгуулах үүднээс эхний мөнгөн хөрөнгө олохын тулд олон төрлийн зээл авсан байдаг. Судалгаанд оролцогч нэгний тодорхойлсноор, “Ломбардууд бол бэлэн мөнгө хурдан авах арга зам” боловч, тэдний үйл ажиллагааны явцад бараа бүтээгдэхүүний төлөөх бэлэн мөнгөний солилцоонд орооцолдсон хүмүүсийн сүлжээ бий болдог байна.

Анкара гудамж дахь ломбардууд гар утас, зөөврийн компьютер, мөнгө болон үнэт эдлэл барьцаанд авч зээл олгодог. Зээлийн хүүгийн хэмжээ, эргэн төлөлтийн бодлого, зээлдүүлэх мөнгөний хэмжээ нь ломбард хооронд яльгүй ялгаатай (2015 оны намрын байдлаар зээлийн хүү 7-9%-тай) байна. Зарим нь зээлүүлгийн зэрэгцээ утасны нэгж зарах гэх мэт өөр үйлчилгээ үзүүлдэг бол зарим нь үйлчлүүлэгч дараалан гэрээ хийх тохиолдолд, зээлийн хүүг бууруулах нөхцөл санал болгох жишээтэй. Зарим ломбардууд 2 долоо хоногийн дотор төлж барагдуулах ёстой, өндөр хүүтэй, эргэн төлөлт хийгдэх хугацаа богинотой зээлээр дагнасан байдаг бол зарим нь 1-2 хүртэлх жилийн хугацаатай гэрээ хийдгийн нэг жишээ бол Хийморь ломбард юм.

Хийморь ломбард

 

Хийморь ломбардын үйлчилгээ, зээлийн хүүгийн талаарх мэдээлэл

 

20-50 насны эрэгтэй, эмэгтэй хүмүүс банкны зээл, сургуулийн төлбөр, байрны зээл, түрээс болон бусад зардалд зарцуулах бэлэн мөнгө хэрэгтэй болсон үед энд ирж үйлчлүүлдэг. Эсвэл, зарим хүмүүсийн мэдээлснээр, “Залуу хүмүүс ихэвчлэн нэг оройг шоудаж, цэнгэж өнгөрөөхийн тулд компьютерээ барьцаалж зээл авдаг” аж. Бэлэн мөнгөнд хүрэх учир шалтгаанууд хоорондоо ялгаатай байх боловч, хэд хэдэн оролцогчийн хэлснээр, хүмүүс гэр бүл, найз нөхдийнхөө оронд ломбарданд өр тавихыг илүүд үздэг байна. Энэ нь тухайн зээлдэгчийн хувьд мөнгө яагаад хэрэг болсныг гэр бүл, найз нөхдөдөө хэлж мэдэгдэх шаардлагагүйгээр мөнгө хүүлэгчээс зүгээр л очоод зээлэх боломжтой бөгөөд, үүнд ломбард нь тодорхой зай, нууцлал бүрдүүлж байдагтай ч холбоотой байж магадгүй юм.

Ломбарданд ажиллах нь аюултай харилцаа бий болгох магадлалтай гэж би төсөөлж байсан боловч, ярилцсан олон эмэгтэйчүүдийн хээр бол, тэдний хувийн аюулгүй байдал эрсдэлд ордоггүй ажээ. Бүх ломбардууд хамгаалалтын CCTV камертайгаас гадна, барьцааны эд зүйлийг хадгалдаг сэйфээ бүтээсэн байдаг ба томоохон эд зүйлийг өөр газарт хадгалдаг байна. Харин эрсдэл нь хэнд зээл өгөхийг шийдэхээс шалтгаалдаг аж. Нэгэн эмэгтэйн тайлбарласнаар, тэд хэн зээлээ эргэн төлөх чадвартайг бодитоор үнэлж дүгнэх тал дээр хянуур нямбай байх хэрэгтэй байдаг. CCTV камерууд нь үйлчлүүлэгчийн болон зээлдүүлэгчийн аль алиных нь гарыг хянаж, олон тал руу туссан байдаг. Байнгын эргэн төлөлтийг үнэн зөвөөр авч байх нь зээлдүүлэгч ажлаа хийж байгаагийн илрэл юм.

Хийморь ломбардын ажилтан эмэгтэйн тайлбарласнаар, “Ихэнх ломбардууд 1 сар хүртэлх хугацаатай, 8%-ийн зээл олгодог” байна. Тэр барьцааны эд зүйлийг үнэлж, гэрээ хийж, сар бүрийн төлбөрийг хүлээн авдаг. Ломбардны ажилтнууд хэнд зээл өгөхөө шийдэхийн тулд үйлчлүүлэгчээ шилж сонгох хэрэгтэй болдгийг нэгэн эмэгтэйн

… хэрвээ тухайн хүн надад таалагдахгүй бол би эд зүйлийг нь авч гэрээ хийдэггүй. Заримдаа согтуу хүмүүс ирж, биеэ үнэлэгч, архи дарс, гэмт хэрэгт зарцуулахын тулд мөнгө асууж, энэ тэрүүгээр гэтэж, муухай үнэр танараа ханхлуулдаг” гэж хэлснээр жишээлж болно.

Европын ломбардуудаас ялгаатай нь, ломбардын эзэмшилд очсон эд зүйлсийг энд зарахаар дэлгэсэн байдаггүй. Тийм бараануудыг ломбардын эзэн өөрөө авч, бараа зуучлан зарагчаар дамжуулан өөр газар борлуулдаг байна. “Хэрэв хүмүүс зээлээ төлж чадахгүй бол, ломбардын эзэн бараануудыг хэлхээ холбоо бүхий ченжүүддээ зардаг” хэмээн Хийморь ломбардын ажилтан тайлбарлав. Энэ нь, иймэрхүү бараануудын бузартсан, бохирдсон мөн чанарыг илэрхийлж буй шинж тэмдгүүдийн нэг юм (Хөер 2012).

Pawnshop and mobile phone units for sale.

Ломбардын зэрэгцээ утасны нэгж борлуулах үйлчилгээ.

 

Зээлээ төлж буй хүмүүсийг ажиглаж байхад, тэдний хоорондоо дув дуугүй харилцаж байгаа нь гайхмаар байв. Найзууддаа би хэрхэн хүмүүс бэлэн мөнгөнд хүрч байгаа талаар судалж байгаагаа дуулгахад, эдийн засгийн өнөөгийн нөхцөлд хамгийн их хожиж байгаа хүмүүс бол ломбардын эзэд юм гэж гомдоллох хүмүүс ч байлаа.  Харин надад бол, Анкара гудамжнаа буй жижиг ломбардууд шиг газруудын хувьд, үүсгэж буй өрийн сүлжээ нь хүмүүсийг хооронд нь найдваргүйгээр холбосон хэлхээ бүхий нарийн төвөгтэй төлбөрийн тогтолцоо шаардаж байдаг тул тийм газрууд дөнгөн данган амиа зогоосон байдалтай байгаа мэт санагдсан юм. Ломбарданд миний ажигласан харилцаа тийм албан ёсны шинжтэй байсан нь эдийн засгийн болоод нийгмийн яг энэ тогтворгүй, эрсдэлтэй байдлаас үүдсэн байж болох юм.

Зогсоол зээл ба Зогсоолгүй зээл

Хотын төвөөс холдонгуут бэлэн мөнгөний барьцаанд машин, гарааш, байр, машины зогсоол, газар хүртэл авдаг ломбарднуудыг олж болно. Таксины нэгэн жолоочийн хэлснээр “Тэд юуг ч авна”. Би машины барьцаагаар дагнасан, 13-р хороололд байрлалтай нэгэн ломбарданд анхаарлаа хандуулав. Энэхүү ломбард нь томоохон хэмжээний задгай зогсоол бүхий зөөврийн оффис болон хүмүүс төлбөрөө очиж төлдөг албан оффис гэсэн хоёр хэсгээс бүтэх аж.

Машины зогсоолтой оффисын ширээний ард суугаа эрийг Ганбаатар гэдэг. Түүний хажууд машины түлхүүр агуулсан жижиг сэйф байх агаад ард нь том хэмжээтэй тосон будгийн зураг өлгөөтэй харагдана. Зурган дээр машин дүрсэлсэн байх ба дээр нь мөнгөн тэмдэгт байрлуулсан байх аж. Гадаа хүмүүс үйлчлүүлэгчидтэй хамт машинуудыг үнэлж, зогсоолын үүдийг нэгэн эмэгтэй зохицуулна.

Автомашины барьцаа.

Drive your car while getting a loan!!!

Машинаа унаад зээлээ ав!!!

 

Энэхүү ломбард нь зээлүүлэх мөнгөө авдаг өөрийн банк бүхий “Бичил Глобус Групп” хэмээх конгломератын нэг хэсэг бөгөөд банк нь ломбардны зээл, түүний хүүгийн талаар шийддэг байна. Тус групп 6 жилийн өмнө байгуулагдсан ба хэд хэдэн аймгийн төвд салбаруудтай гэнэ. [4] Энэ ломбард Зогсоол зээл (Автомашинаа ил ба дулаан зогсоолд байршуулах боломжтой), Зогсоолгүй зээл (Автомашинаа унаад явах боломжтой) гэсэн хоёр янзын зээлээр, машинаа барьцаанд үлдээгээд, бэлэн мөнгө зээлэх юм уу, эсвэл бэлэн мөнгө зээлээд, машинаа унах гэсэн хоёр нөхцлийг үйлчлүүлэгчиддээ санал болгодог байна. Зээлийн хугацааг нэг удаад 6 сараар товлодог бөгөөд үүнээс урт хугацааг бол хэтэрхий эрсдэлтэйд тооцдог аж.

Image 7. Painting of car with money.

Мөнгө байршуулсан машины зураг.

Зөөврийн оффист сууж байтал, нэгэн эрэгтэй ирж,  Солонгос явах тийз авахын тулд нэг өдрийн зээл хүсэв. Тэрээр хэдэн сараар цалингаа хүлээж байгаа ба яг өнөөдөр бэлэн мөнгө хэрэгтэй байгаа гэнэ. Ганбаатар түүний машины түлхүүр, иргэний үнэмлэхийг авч сэйфэндээ хийв. Тэгээд гэрээний төлбөрт 22.000 төгрөг аваад, гэрээ байгуулж, хоёул гарын үсгээ зурсны дараа утасны дугаар, хаягийн жагсаалт хийв. Машины үнэлгээ болон зээлийн хэмжээг гадаа ярилцаж шийдэв. Эрэгтэйг явсны дараа Ганбаатар ингэж тайлбарлалаа:

“Машины үнэлгээг гаргаж, зээлийн хэмжээг тогтоохын тулд бид машины зах зээлийн үнийг хардаг. Гэрээ байгуулаад, төлбөрийг нь хийлгүүлэхийн тулд хүмүүс рүү их утасддаг. Бас зээлдэгчийн хамаатан садны тухай мэдээлэл, хаягуудыг нь авдаг. Мөнгөө авахын тулд заримдаа цагдаад хандах нь ч бий. Хүмүүс утсаа авахгүй болоод, зээлээ төлж дийлэхгүй бол бид ихэвчлэн машиныг нь зарчихдаг юм. Дунджаар 10 хүнээс 2 нь зээлээ төлж чаддаггүй. Энэ тохиолдолд бид машиныг нь зарж, дараагийн машинд зай гаргадаг. Хамгийн гол нь эхнээс нь л машины үнэлгээг зөв гаргах хэрэгтэй байдаг. Ингэж чадвал, бид мөнгө алдахгүй. Бидний олгодог зээлийн хамгийн өндөр хэмжээ бол 100 сая төгрөг”.

Зарим хүмүүс машинаа зогсоолд нэг өдрөөр тавьдаг бол, зарим нь долоо хоног, хэдэн сараар байлгадаг нь зээлээ төлөхөд шаардагдах хугацааны урттай холбоотой. Ганбаатар цааш нь,

“Ихэвчлэн дунд насны эрэгтэй хүмүүс ирж, янз бүрийн шалтгаанаар зээл авдаг. Хэрэв машин чинь Улаанбаатарт бүртгэлтэй бол төрөл бүрийн үйлчилгээ авч болно. Тийм учраас хөдөөний хүмүүс зогсоолгүй зээл авч, зээлсэн мөнгөөрөө машинаа энд бүртгүүлээд, хотод машинаа унаж, таксины үйлчилгээ явуулдаг юм” хэмээн тайлбарлалаа.

Car pound.

Машины ил зогсоол.

Бичил Глобус Группын оффист “Таны санхүүгийн жигүүр” гэсэн бичигтэй сурталчилгааны самбар байх ба костьюмтай дөрвөн эрэгтэй компьютер, бичиг цаас бүхий тус тусын ширээнээ суух аж. Нэг нь үдээсний машинаар тоглонгоо утсаар “Өнөөдөр зээлийн хугацаа чинь дуусч байгаа болохоор ярьж байна. Та төлбөрөө хийх хэрэгтэй. Өнөөдөр та бидэнд 432 мянган төгрөгийн өртэй байна. Өнөөдөр хүрч ирвэл бид цааш нь үргэлжлүүлж болно” хэмээн намуухан ярина.

Уг өрөөг ажиглаж суухад оффисын нам гүм байдал, түүний гадаах орчинд өгч буй хөдөлгөөн хоорондын энэ жигтэй ялгаа эрс тэс тодрон үзэгдэнэ. Оффисын ажилтнууд компьютер дэх тооцооны хүснэгтээ ширтэнгээ өдөржин хүмүүс руу утасдаж байхад оффисын гаднах зогсоолын хаяг “Машинаа унаад зээлээ ав” хэмээн сурталчилах бөлгөө.

Болд хэмээх залуухан эр хүрч ирж, 120 мянгөн төгрөгийн төлбөр хийлээ. Тэрээр нэгэн эмэгтэйн хариуцаж буй мөнгөний хайрцаг руу очиж, мөнгөө өгөөд, төлбөрийн баримт хүлээж авав. Энэ бүх үйл явц дахиад л анир чимээгүй ноёлсон харилцаан дунд өрнөсөн бөгөөд энэ нь дээрх үйлдлүүдийг бүрхсэн ичгүүртэй мэдрэмжээс болж байна уу, эсвэл зээлдэгч, зээлдүүлэгчийн аль аль нь энэ бүхнээс бүр залхаж орхиод, ямарваа эелдэг байдал огт хэрэггүй болсноос болов уу гэдгийг би ухаж чадсангүй.

Болд.

Болд.

22 настай Болд Тоёота IST машин эзэмшдэг. Тэрээр саяхан МУИС-ийг программын инженер мэргэжлээр төгсчээ. Тэр 5 сарын өмнө машинаа барьцаанд тавьж, 6 сарын хугацаагаар 1 сая төгрөг зээлсэн ба сард 2 удаа ирж, 120 мянган төгрөг (сард 240 мянган төгрөг) төлдөг байна. Сургуулиа төгсөөд, дипломын баяраа тэмдэглэхэд нь түүнд хувцас хунараас эхлээд гаргах зардал их байсан тул мөнгө зээлсэн гэнэ. Сурч байх хугацаандаа таксины үйлчилгээ үзүүлэх замаар мөнгө олохыг найдаж, аав нь түүнд 4 жилийн өмнө энэ машиныг өгсөн аж.

Ингээд тэр дараах тайлбарыг өглөө:

“Машинтай оуютан бүр машинаа барьцаалж зээл авдаг. Энэ бол мөнгө авах сайн арга, ээж аав маань ч зөвшөөрсөн. Монголчууд бүгд л ямар нэгэн юмаа ломбарданд тавьж бэлэн мөнгөтэй болдог. Би утсаа тавьж, 2 долоо хоногийн зээл, алтан бөгж тавьж 1 сарын зээл авах гэх мэтчилэн бүх төрлийн юм барьцаалж үзсэн. Тавьсан эд зүйлээс шалтгаалж, үнэ цэнэ нь янз бүр байдаг. Машинтай бол 1 сая төгрөгийн зээл авч болно. Одоо би ажилладаг болохоор зээлээ төлөх чадвартай”.

Гэтэл түүнтэй хамт амьдардаг ах нь зээлийн төлбөрийн ихэнхийг нь гаргаж өгдөг болж таарав. Энд дахиад л, ямар нэг онцгой хэлцэл ажиглагдахгүй бөгөөд иймэрхүү солилцоо нь ерөнхийдөө өрийн хариуцлагын илүү том хэлхээний нэг хэсэг болж байдгаас маш олон янзын хүмүүс ийнхүү өрийн сүлжээнд татагдан оролцож байдаг байна.

Вьетнам гарааш.

Вьетнам гарааш.

16-р хороололд орших олон Вьетнам гараашийн дунд нуугдан байрласан Соронсэл ломбардад Номонцэцэг ажилладаг. Түүний ширээний өмнөх өндөр лангууны дээгүүр татсантуузан гэрэл таазнаа зовлонтойёо анивчина. Гаднах тоосгон хана руу харсан дотор талын цонхны тавцан дээр савтай хэдэн цэцэг тавьсан үзэгдэнэ. Номон энд 2 жил ажиллаж байгаа ба гадаах талбайтай холбоотой бүх бичиг цаасны ажлыг хариуцдаг гэнэ.

Тэрээр “Хүмүүс машиныхаа үнэлгээг хийлгэхийн тулд утсаар ярьж, уулзалт товлодог. Тэгээд ирж гэрээ байгуулсны дараа зээлийн мөнгийг бэлнээр буюу дансаар шилжүүлдэг. Зээлийн төлбөрийг сараар авдаг ба зээлдэгчид рүү утсаар ярьж, мессэж илгээдэг” хэмээн тайлбарлав.

Банк юм уу бусад байгууллагуудад байдаг бужигнаанд ажиглагддаггүй чимээгүй, хөдөлгөөнгүй орчин түүний ажил дээр ноёлно. Энэхүү нам жим байдал зээлийн ачаар төрөн хэрэгждэг төрөл бүрийн ажил хэргийн хөдөлгөөнт орчныг далдлах аж.

Хувийн эд зүйлээ бэлэн мөнгөний төлөө барьцаалах энэ энгийн солилцооны ард шинэ оролдлогуудыг дэмжиж, заримыг нь хорьж байдаг өрийн торонд хүмүүсийг уясан, харилцааны нарийн төвөгтэй сүлжээ бий болж байдаг байна.  Солилцооны энэ өрөгт тогтвортой байдаг нэг зүй тогтол бол зээлүүлсэн зээлийг дараагийн зээлгүй л бол хэзээ ч төлөх боломжгүй байдаг. Ийнхүү өр зээлийн сүлжээ нь бусдад нэг талаар эрх чөлөө, нээлттэй байдал олгохын сацуу, нөгөө талаар өөр бусдад ирээдүйн дарамт үүсгэн оршиж байдаг байна.

Зураг 11а ба 11б. Барьцаагүй зээл хийгээд утасны дугаар барьцаалж олгох зээл.

Бүх зураг © Rebecca Empson

 

 

Ном зүй, ишлэл

Хөер, Л. 2012 Бизнесийн амин сүнс: Улаанбаатарын ломбардууд, Нийгмийн Антропологи, 20: 34–49.

Халтарын Батсуурь, 2015 Анхдагч нүгэл: Монголд гадаад өрийн хямрал нүүрлэж байна уу? Зүүн Хойд Азийн эдийн засгийн тойм сэтгүүл, Боть. 3, Дугаар. 2, 2015 оны 10 сар, х.3-15.

Равски, И 1998 Сүүлчийн эзэн хаад. Чин гүрний институцийн нийгмийн түүх, Калифорниа Их сургуулийн хэвлэх газар: Бэркли, Лос-Анжэлэс, Лондон.

Снит, Дэйвид 2012 “Зах зээлийн үе” ба өрийн дэглэм: Шилжин хувьсч буй мал аж ахуйн Монгол дахь зээлийн үүрэг, Нийгмийн Антропологи, (2012) 20, 4 х. 458–473.

 

[1] 2015 онд чанаргүй зээл 7.3% болж өссөн байна. Улсын Бүртгэл, Статистикийн Газрын цахим хуудас: http://www.nso.mn/index.php

[2] Ломбард гэдэг үг нь Италийн хойд хэсгийн Ломбарди мужид дундад зууны үед анх үүссэн банк маягийн байгууллагаас үүдэлтэй бөгөөд Зөвлөлтийн үед Монголд орж ирсэн байх магадлалтай.  Тухайн үед Монголд ломбардууд элбэг байсан байна. Түүнчлэн, Манжийн үед ч мөнгө хүүлэх үйл ажиллагаа түгээмэл байжээ. Равскийн тэмдэглэсэнчлэн, Гадаад Монголын агиудтай гэрлэсэн Манжийн гүнжүүдийн инжинд өгдөг байсан мал, хөрөнгө XVII зууны сүүл үеэс ломбард болон мөнгө хүүлэх бусад хэрэгслүүдийн өмчөөр солигдох болсон байна (1998: 148-149). 1990-ээд онд ч ломбардын үйлчилгээ хааяагүй байсан нь “Ядуурлын ирмэгт гэнэт очсон хүмүүсийн хувьд ломбардад тавьсан эд зүйлс бол нийтлэг стратеги болсон. Хүмүүсийн хувьд мөнгөгүй болсноос болж үнэт эд зүйлсээ дахин барьцаанд тавихаас өөр аргагүй байдалд орсон болохоор л эд зүйлсээ зээлийн баталгаанд тавиад, дараа нь мөнгөтэй болохоороо зээл, түүний хүүг төлөөд, эд юмсаа буцаан авдаг байсан нь ломбардын хэрэглээг мөчлөгийн шинжтэй болох хандлагатай болгожээ” (Снит 2012:460).

[3] Барьцаат зээл, барьцаагүй зээл гэсэн ялгаатай хоёр ойлголт байдаг ба үүнд утасны дугаар оролцуулж болдгийг 11а, 11б зургуудаас харж болно.

[4] Бичил Глобус Групп нь нийт 22 салбартайгаас 11 нь Улаанбаатарт, 11 нь аймгийн төвүүдэд байдаг гэнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг тэдний цахим хуудсаас авах боломжтой.

 

3 Responses to “Өрийн сүлжээ: Барааны зээлээр бэлэн мөнгөнд хүрэх нь”

  • 1
    baccaratsite wrote on 26 February 2023:

    I’ve been searching for hours on this topic and finally found your post. baccaratsite, I have read your post and I am very impressed. We prefer your opinion and will visit this site frequently to refer to your opinion. When would you like to visit my site?

  • 2
    casinocommunity wrote on 15 March 2023:

    Your article has answered the question I was wondering about! I would like to write a thesis on this subject, but I would like you to give your opinion once 😀 casinocommunity

  • 3
    Rutherford wrote on 13 July 2023:

    getaway shootout is known as a pixel game with many thrilling moments. If you wanna experience this, access and enjoy now.