X Close

Emerging Subjects Blog

Home

Emerging Subjects of the New Economy: Tracing Economic Growth in Mongolia

Menu

Монголын “Стратегийн орд” ба иргэний нийгэм, төр засаг, гадаадын хөрөнгө оруулагчдын хоорондох тэмцэл

BumochirDulam8 July 2015

English1

Д. Бум-Очирын бичсэн энэхүү нийтлэл нь Монгол дахь уул уурхайтай холбоотой сүүлийн үеийн өрнөл, иргэний нийгмийн жагсаал цуглаан (Монголоор заримдаа “популист цуглаан” ч гэдэг), хувийн хэвшлийн бизнесийн тодорхойгүй байдал, төр  засаг хийгээд эзэмшил, хяналтын хэлбэрүүдийн талаар авч үзнэ.

Орчуулсан: Шагдарсүрэнгийн Номиндарь

 

Уул уурхай ба Төр засаг

2015 оны 5 сарын 19 бол Монголд төдийгүй, дэлхий дээрх зэсийн хамгийн том орд газар болох Оюу Толгойг хөгжүүлэх асуудалтай холбоотой олон улсын хамтын нийгэмлэгүүдийн хувьд түүхэн өдөр байлаа.

Хоёр жил шахуу сунжран үргэлжилсэн маргааны дараа Монгол Улс, Рио Тинтотой Оюу Толгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг өргөжүүлэх 5,4 тэрбум ам.долларын гэрээнд гарын үсэг зурав. Олон улсын хэвлэлүүдээр Ерөнхий сайд Ч. Сайханбилэгийн “Монгол [одоо] бизнестээ буцан орж ирлээ” гэж хэлснийг иш татан байж энэ талаарх мэдээг түгээн цацав.

The Guardian Mongolia is back to business

‘Монгол [одоо] бизнестээ буцан орж ирлээ’. Photograph: Davaanyam Delgerjargal/EPA. Source: http://www.theguardian.com


Монголд бол Ерөнхий сайд “Энэ тохиролцоонд гарын үсэг зурсан тал бол Ерөнхий сайд ч биш, Монголын төр ч биш, харин хоёр компанийн төлөөлөл юм” хэмээн болгоомжтойёо мэдэгдсэн ба цаашлаад энэ хоёр компанийн ажил хэрэг дэхь Монголын Засгийн Газар хийгээд улс төрчдийн аливаа оролцоог эцэслэн зогсоохын чухлыг цохон тэмдэглэв.

Олон талаар нь, энэхүү мэдэгдлийг Монголын чөлөөт эдийн засгийг дахин тунхаглаж, улсын эдийн засаг дахь төрийн зохицуулалтыг халж буй (неолиберал засаглалтай аль ч газар байдаг практик) явдал гэж харж болно. 2017 оноос эхлэн төлөх ёстой хагас сая гаруй долларын өрөө барагдуулахын тулд эдийн засгаа бэлдэх, бэхжүүлэх зорилгоор гадаадын хөрөнгө оруулалтыг дуудах үүднээс Монголын Засгийн Газар иймэрхүү тунхаглал хийх хэрэгтэй байсан гэж үзэж болохоор байна.

Хэдий тийм боловч, хэд хэдэн орд газрууд “стратегийн” хэмээх тодотголд орж, төрийн зохицуулалтанд байх хэвээр байна. Олон орд газрыг стратегийн хэвээр үлдээснээр Төр улс нь өөрийн эх орон, түүнийхээ баялагийг хянах боломжтой хэвээр байгаа гэсэн үг бөгөөд ингэснээр уул уурхай дахь улс төрийн оролцоо зайлшгүй байх нөхцлийг үүсгэж байна. Энэ нөхцөлд улс төрийн оролцоог таслан зогсоох Сайханбилэгийн уриалга харьцангуй бүрхэг харагдана.  Монгол ийнхүү томоохон орд газруудаа улсын стратегийн болгож, төрийн зохицуулалтанд байлгаж байгаа нь Төр засгийн хяналтыг хязгаарладаг “дэлхийн чөлөөт эдийн засгийн засаглал” (“неолиберализм” нэрээр ч хэлэгддэг)-ын эсрэг зориуд хийж буй улс төрийн алхам юм.

 

Иргэний нийгмийн тэмцэл

Оюу Толгойн далд уурхайг хөгжүүлэх үе шатыг үзэглэсний дараа иргэний нийгмийн хэд хэдэн тэмцэгчид сэтгэл дундуур байгаагаа тун өвөрмөц аргаар илэрхийлэв. Хэвлэлийн бага хурлаар эсэргүүцлээ илэрхийлсэн иргэний нийгмийн хөдөлгөөнүүд, тэр дундаа Гамшгийн Эсрэг Үндэсний Төв, Гал Үндэстэн Холбоо хамтран 6 сарын 10-нд Богдхан уулын хормойд байх эртний түүхт бөөгийн зан үйлийн газарт Ерөнхий сайдын “гайг арилгаж, золигт гаргах” ёслол үйлдэж, түүний хөрөг бүхий “Ч. Сайханбилэгийн үйлдсэн гэмт хэрэг”-үүдийг жагсаасан зурагт хуудас шатаав.

Ерөнхий сайдын зургийг шатааж.  Source: http://www.ikon.mn/p/hki

Ерөнхий сайдын зургийг шатааж. Source: http://www.ikon.mn/p/hki

 

Бурханы болон бөөгийн шашны уламжлалын аль алинд нь ихээхэн хэрэглэгддэг энэ зан үйлийн уугуул утга санаа нь тухайн хүнийг нүгэл хилэнцээс нь цэвэрлэж, чөтгөр шулмын аюулаас сэргийлэхэд оршдог. Харин тэмцэгчдийн хийсэн саяын зан үйлд цэвэрлэхээс илүүтэй шийтгэх байдал илэрхийлэгдлээ. Миний мэдэж байгаагаар ийм зан үйл эртнээс “төр баригч” хэмээн хүндлэгдэж, хагас дагшин шинж агуулдаг төрийн албан хаагчдын эсрэг хэзээ ч болж байгаагүй юм.

Эсэргүүцлийн энэхүү зан үйлийн үеэр Ерөнхий сайдыг урвагч, эх орноосоо илүүтэйгээр харь оронд үйлчлэгч хэмээн буруутгав. Мэдээний цахим хуудсуудаар цацагдсан зан үйлийн дүрс бичлэгт хадны сүг зурагтай цохио, овоо, хадгаар бүрхсэн мод, саваа бүхий бөөгийн зан үйл гүйцэтгэх газарт жирийн хувцастай нэгэн эмэгтэй эл ёслолыг үйлдэх болсон шалтгаан, зорилгыг уншиж танилцуулж байгаа харагдана. Энэ үеэр цагдаагийнхан болон Онцгой Байдлын Ерөнхий Газрынхан хамтран Улсын хамгаалалттай газарт гал тавихаа зогсоохыг шаардаж уг ёслолыг зогсоов. Бөөгийн хараал маягийн далд утганаас нь болж, улс төрийн иймэрхүү эсэргүүцэл олон хүний хувьд хачин санагдсан нь лавтай.

Source: http://www.ikon.mn/p/hki

Source: http://www.ikon.mn/p/hki

 

“Стратегийн орд” хэмээх ойлголт нь Төр байгалийн баялагаа хяналтандаа байлгахыг тунхаглаж, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг баталгаажуулахад оршдог. Гэвч гадаадын хэд хэдэн хөрөнгө оруулагчдын хувьд энэ нь олон улсын тавцан дахь Монгол Улсын байр суурийг ганхахад төдийгүй Монголын эдийн засаг хэр чөлөөт болох талаар тэднийг тээнэгэлзэхэд хүргэж байгаагаас гадна “баялагийн үндсэрхэг үзэл” гэх мэт эзэрхэг суртал нэмэгдэхэд хүргэж байгаа аж.

Нөгөө талаас, иргэний нийгмийн олон хөдөлгөөнүүд “стратегийн орд газрын бодлого”-ыг гадаадын хөрөнгө оруулагчдад л үйлчилдэг болохоос улс орныг хамгаалахад ямар ч үүрэггүй зүйл гэж харж байна. Тэд байгаль орчин, соёлын өвд хэмжээлшгүй их хор хохирол учруулж, улс оронд хүрэлцээтэй хувь хэмжээ авахгүй хэрнээ татвар, роялтийн хангалтгүй хувь оногдуулж байгаад нь Засгийн газрын зүгээс гадаадын хөрөнгө оруулагчидтай хийж буй тохироонд шүүмжлэлтэй хандаж байгаа төдийгүй, олон хүн үндэстэн дамнасан хөрөнгө оруулагчид болон глобал эдийн засгийн хүрээнд хэрэгжиж буй “колониализм”-ын аюул нүүрлэж буйд санаа зовниж байна.

 

 

Монгол дахь Дижитал Улс төр

LaurenBonilla4 March 2015

Лорэн Бонилла, Рэбэка Плүүкан, Рэбэка Эмпсөн, Лондонгийн Коллеж Их Сургууль (UCL)

Орчуулсан: Шагдарсүрэнгийн Номиндарь

Энэхүү нийтлэлийг Европын Судалгааны Зөвлөлийн санхүүжилтээр Лондонгийн Коллеж Их Сургуулийн Хүн судлалын тэнхимээс хэрэгжүүлж байгаа Шинэ эдийн засагт үүсэн бий болж буй сэдвүүд : Монгол дахь эдийн засгийн өсөлтийг мөшгөхүй сэдэвт судалгааны төслийн судлаачид бичив.

Дэлхийд нэгэнтээ хамгийн хурдацтай өсч байгаа эдийн засагтай орноор бичигдэж байсан ч, одоо бол эдийн засгийн хүнд хэлбэрийн удаашралд ороод буй, ашигт малтмалын нөөцөөр баян Монгол улс дээр бидний судалгаа төвлөрч байна.  Эдийн засгийн өсөлтөнд хүргэх амлалтууд нь байнга яригддаг ч биелэх нь тодорхойгүй; өдөр тутмын амьдралд нь нэг л авцалдаж өгөхгүй итгэл найдвар, боломж бололцооны талаарх уран цэцэн үгэнд хууртан амьдрах албадлаган дор өөр өөр гарц, туршлага туулан, элдэв төсөөлөлөөр амьдарч буй иргэд бүхий энэхүү урсгалын эдийн засгаас үүдэн бий болж байгаа сэдэв, үйл ажиллагаануудыг бид мөшгөн судалж байгаа юм.

Уул уурхайн аж үйлдвэр, өмчлөл болон өмчийн харилцаа, банк санхүүгийн зах зээл, чөлөөт худалдааны бүсүүд хийгээд байгаль орчны болон үндсэрхэг хөдөлгөөнүүдийг угсаатны зүйн үүднээс судлах замаар бид янз бүрийн субъектив чанарууд, үйл явцын цаг хугацааны хэтийн төлөв, улс төр болон орчин нөхцлүүд хэрхэн эдийн засгийн өөр өөр хараа, амлалтуудтай холбогдон бий болж байгааг шинжилж байна.

 

Уг нийтлэл нь эдийн засгийн шийдвэрлэх асуудлын талаар олон нийтийн санаа бодлыг гаргаж ирэх зорилгоор Монголд гар утсаар дамжуулан хийсэн санал асуулгын хэрэгжилт, хүлээн авалт хэрхэн явагдсаныг авч үзнэ. Бид санал асуулгад хэрэглэсэн үг хэллэг эдийн засгийн ирээдүйн сонголтыг хэрхэн үзүүлж, боломжит шийдвэрт хэрхэн нөлөөлсөн байж болох дээр онцгой анхаарсан байна.

Баруун Европын нутаг дэвсгэртэй дүйцэхүйц хэмжээтэй газар нутагтаа тархан амьдардаг нэгэн орны иргэд Засгийн газраасаа гэнэт улс орны эдийн засгийн ирээдүйд саналаа өгөхийг асуусан мессеж гар утсандаа хүлээн авсан бол яах вэ? Яг энэ явдал 2015 оны 1 дүгээр сарын 30-ны Баасан гарагт Монголчууд гар утсандаа хүлээн авсан, Оюу Толгой гэх мэт уул уурхайн том төслүүдээ урагшлуулах, эсвэл Хэмнэлт хийх замаар “эдийн засгаа сахилга батжуулах” гэсэн, аль аль нь тодорхой шийдэлд дуудаагүй мессеж хүлээн авах үед тохиолдсон юм.

Аливаа улс оронд байдагчлан, Монгол хүмүүсийн тархинд байнга хадаастай байдаг сэдэв бол улсынх нь эдийн засгийн асуудал. Өнгөрсөн оны 2 дугаар сард Монголын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж “Ялгуусан хэмээх Хөх морин жил”-ийн мэндчилгээ дэвшүүлж байв. Бурханы шашны билгийн цаг тооллын дагуу бол морин жил нь томоохон өөрчлөлтийг билэгддэг бөгөөд Монгол улс нутаг дэвсгэр дээрх ашигт малтмалын асар их нөөцийнхөө ачаар баян чинээлэг ирээдүй рүү “дүүлэн давхих” учиртай байв.

Гэвч Хөх Модон Морин жил ялгуусан байж даанч чадсангүй. Уул уурхайн салбар дахь гадаадын хөрөнгө оруулагчдын нөлөөгөөр 2011 онд Монголын эдийн засаг өсөлтөөрөө дэлхийд тэргүүлж байлаа. Гэвч одоо энэ улс эдийн засгийн хурц хэлбэрийн удаашралтанд ороод байна. Сүүлийн 3-4 жилийн дотор зэс, нүүрсний дэлхийн зах зээл дээрх үнэ унаснаар, гадаадын хөрөнгө оруулалт зогсох, буурах байдалд оров. Улсын болон хувийн өр өсч, инфляци нэмэгдэж, ажилгүйдэл ихсэхэд Монголчууд цагтаа улсын эрдэс баялгийг үндэсний хөгжлийн түлхүүр болгон сурталдаж байсан гадаадын хөрөнгө оруулагчид болон улс төрчдийн санаа сэдэлд улам бүр эргэлзэж эхлэв.

Гэтэл одоо Цагаан Сар тулаад иртэл, Чимэдийн Сайханбилэгийн удирдлага дор буй Засгийн газар Морин жилийг гэнэтийн азтай байдлаар дуусгах эцсийн оролдлого шиг зүйл хийлээ. Засгийн газраас ард түмэнд шийдвэрээ тулгахаас илүүтэйгээр, Сайханбилэг Монголын олон нийт рүү хандахыг илүүд үзэв. Үндэсний телевизээр Монголчуудад хандан асуулт тавьсан тэрээр ард түмнийг 2015-2016 онд Монголыг хөгжүүлэх хоёр замын аль нэгэнд саналаа өгөхийг мессежээр уриалав.

Монголын Засгийн газраас ард түмэндээ хандан доорх мессежийг явуулсан байна:

“Монгол Улсын 2015-2016 оны хөгжлийн замаа хамтдаа сонгоё.”

Энэхүү мессеж нь хүмүүсийг эдийн засгийн дараах хоёр бодлогоос аль нэгийг сонгохыг хүссэн байв:

  1. Оюутолгой болон бүтээн байгуулалтын том төслүүдийг шийдэх замаар ханшаа тогтоох.
  2. Зардал хэрэглээгээ бууруулж, эдийн засгаа сахилга батжуулах замаар ханшаа тогтоох.

Уг мессежэнд 1 дүгээр сарын 30-ны Баасан гарагийн 10.00 цагаас 2 дугаар сарын 3-ны Мягмар гарагийн 22.00 цагийн хооронд хариу өгөхийг хүссэн байлаа.

Digital DemocracyГар утасны хэрэглээ хот хөдөөгүй элбэг, түүнчлэн “Оддын эрэлд” гэх мэт тэмцээнд гар утсаар саналаа өгч оролцох нь нийтлэг үзэгдэл байдаг энэ оронд Засгийн газар нь иргэддээ үүрэн телефоноор хандаж байгаа нь тийм ч гайхмаар зүйл биш юм. Үнэндээ, Монголд үүрэн телефоноор дамжуулан “шууд ардчилал”-ыг дэмжих хэд хэдэн алхам хийгдэж байв. Жулиан Диеркэсийн тэмдэглэсэнчлэн, Улаанбаатар хотын дарга Э. Бат-Үүл мессежээр дамжуулж иргэдийнхээ санаа бодлыг авахаар гурван ч удаа хандаж байсан байна. Мөн өнгөрсөн 11 сард эдийн засгийг сэргээх ажлаа үр ашиггүй хийсэн шалтгаанаар УИХ-аас огцруулсан түрүүчийн Ерөнхий сайд асан Норовын Алтанхуяг 2012 оноос хойш иргэдтэй шууд харилцах утас ашиглалтанд оруулсан билээ. Тэрээр иргэд өдөр тутмын амьдралаас эхлээд төрийн бодлого хүртэл өргөн хүрээ бүхий сэдвээр санал бодлоо илэрхийлэх боломжтой “11-11” дугаартай утасны үнэгүй шугам бий болгосон юм.

Мессежээр явуулсан дээрх санал асуулгын юу нь чухал бөгөөд сонирхолтой вэ гэвэл, нэгдүгээрт, хүмүүсийн анхаарлыг татахын тулд түүний хэрхэн бичигдсэн байдал, хоёрдугаарт, ирээдүйн улс төр, эдийн засгийн хөгжлийн арга хэмжээний талаар агуулж буй утга санаа юм.

 

Мессежэнд анхаарахуй

Мессежэнд хэрэглэсэн хэллэг нь гайхмаар. Үүнд дурдсан хоёр сонголт нь хэрэглэсэн хэллэг, танилцуулсан шийдлийн хувьд тэс ондоо байна.

Мессежний гарчиг болох “Монгол Улсын 2015-2016 оны хөгжлийн замаа хамтдаа сонгоё” өгүүлбэр нь үндэсний хөгжлийн асуудал бол нийтийг хамарсан хэрэг болохыг сануулж байна. Энэ гарчгийг үгчилсэн байдал нь Монголчуудыг социалист хөгжил, орчин үежилтийн идэвхтэй оролцогч байхыг уриалсан байдаг социализмын үеийн ухуулах хуудас, уриаг санагдуулна. Өнөөдөр хөгжлийн төлөөх иймэрхүү хэлц хүмүүст танил бөгөөд зурагтын зар сурталчилгаа, хөгжмийн клип, улс төрийн илтгэлээс эхлээд бүх зүйлд хэрэглэгддэг.

“Хөгжлийн зам” маягаар үзүүлсэн хоёр сонголт тэгш бус байдлаар бичигдсэн байна. Энэхүү мессеж нь Монголчууд дан ганц “уул уурхай”, “хэмнэлт” хоёрын аль нэгийг сонгож, эдийн засгаа сэргээх талаарх асуудал биш юм. Харин, нэг сонголт нь нөгөөгөөсөө хамаагүй илүү сэтгэл татахуйц бичигдсэн байна.

“Оюутолгой болон бүтээн байгуулалтын том төслүүдийг шийдэх замаар ханшаа тогтоох” гэсэн эхний сонголтын үг хэллэг эерэг дохио өгч байна. Бидэнтэй ярилцсан Монголчуудаас “Бүтээн байгуулалтын том төслүүд” гэсэн хэсгийг уншсан хүмүүс аж үйлдвэр, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн үр өгөөжтэй ирээдүй дүрсэлж байв. Энэ хэсэг хоёр дахь сонголтон дахь “зардал хэрэглээгээ бууруулж” гэсэн хэсгээс огцом ялгарч байна. Хоёр дахь сонголт нь эдийн засгаа сахилга батжуулах замаар хэмнэлт хийхийг уриалж байгаа мэт боловч, үнэндээ хүмүүсийн хувийн хэрэглээг чиглэсэн байна. Нэрийн ерөнхийлөн хамаатуулах “-ээ” нөхцөл бүхий “хэрэглээгээ” гэдэг үг бол хэмнэлт хийх энэ хариуцлагыг дан ганц олон нийтэд ч биш, хувь хүмүүсийн гарт үлдээж байгаа нь “хэмнэлт” гэдэг утгаар хувийн хэрэглээгээ багасгаж, эдийн засгийн бие даасан байдлаа алдах магадлалтай гэсэн санааг агуулж байна.

Түүнчлэн, дээрх хоёр “хөгжлийн зам” нь хоёулаа эдийн засгийн хэллэгээр томъёологдсон байна. Хоёр сонголт хоёулаа “замаар ханшаа тогтоох” гэж төгсчээ. Энд хэрэглэсэн “ханш” гэдэг үг чухал боловч жаахан эв дүйгүй. “Ханшаа тогтоох” гэдэг нь инфляцийг бууруулж, 2015 оны 2 дугаар сарын байдлаар урьд хожид байгаагүй уналтанд орж, нэг долларын эсрэг 1960,50 төгрөг болоод буй төгрөгийн ханшийн бууралттай тэмцэх гэсэн утгатай байх магадлалтай юм. Хэрэв тийм бол, энэ санал асуулга нь үндэсний хөгжлийн асуудлыг өргөн утгаар авч үзсэн бус, харин валютын ханшны эсрэг эдийн засгийн эрүүл мэндийн асуудлыг хөндсөн болж таарах нь.

 

Ардчилсан улс төрийн зангаа  (“занга” ч юм уу)

Энэхүү мессеж неолиберал ардчиллын ямархуу дохио зангаа байсан болж таарав? Сайханбилэгийн хувьд олон нийтэд хүрч байгаагаа, тэдний дуу хоолойг улс орны эдийн засгийн чиглэлийг сонгоход харгалзан үзэж байгаагаа харуулахыг хүсч байгаа нь дамжиггүй.  2000-аад оны дунд үеэс уул уурхай нь 1990  онд ардчилсан зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойшхи Монголын ирээдүйг хүчирхэг эдийн засаг руу хөтлөх зам гэдэг утгаараа олон нийтийн анхаарлын төвд байсаар ирсэн билээ. Хэдий тийм боловч, олборлох үйлдвэрлэлийн хөгжил дэвшил улс төрийн маргаанд шигдэн гацав. Олборлох үйлдвэрлэлийн байгаль орчин, малчдын амьдралд үзүүлэх нөлөө, гадаадын хөрөнгө оруулагчид болон капитал зах зээлүүдтэй холбоотой Монголын үндэсний бие даасан байдал хийгээд нийгэм-эдийн засгийн тэгш бус байдалд санаа зовнисон хүмүүс уул уурхайн талаарх Засгийн газрын бодлого чиглэлд асуулт тавин жагсаал цуглаан хийх нь олшров.

Өнгөрсөн оны зун Ерөнхий сайд асан Алтанхуяг эдийн засгийг сэргээн эрчимжүүлэхээр сүрт “100 хоног” төлөвлөгөөг гаргасан билээ. Энэхүү төлөвлөгөөнд уул уурхай, дэд бүтэц, барилгын салбар дахь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн хажуугаар төрийн зардлыг бууруулах зорилтууд байсан нь мессежэн санал асуулга дахь бодлогын хоёр сонголттой тохирч байна. Мессежэн санал асуулганаас ялгаатай нь, энэ төлөвлөгөө  дээрээс-доош гэсэн хандлагатай байснаар түүний хэрэгжилтийн амжилт, хариуцлага ямар ч байсан Алтанхуяг дээр унах учиртай байв. Эдийн засаг сайжрахгүй байгаа нь илт болоод ирэнгүүт, 2014 оны 11 дүгээр сард Монголын Парламент Алтанхуягийг эдийн засгийг муу удирдсан, авилгалд орооцолдсон, танил талаа дэвшүүлсэн үндэслэлээр огцруулсан юм.

Гар утсаар дамжуулан хүмүүст хүрч, санал асуулгад оролцохыг урьсан явдал бол хэд хэдэн учиртай. Нэгдүгээрт, энэ нь хариуцлагыг дахин хуваарилж, задалж байгаагаараа ард түмэн өөрөө шийдвэр гаргасан мэт болгож байна. Ингэснээр Засгийн газар ард түмний сонгосон сонголтыг дагаж буй мэт боловч, бүтэхгүй бол энэ нь түүний буруу биш болно.

Хоёрдугаарт, энэ нь Төр засагт эрсдэлтэй сонголт хийхийг нь зөвтгөх шалтгаан болж байна. Хэрэв Төр ард түмэн нь тодорхой нэг бодлогыг сонгох санал өгсөн гэж хэлж чадвал, ард түмэнд тухайн сонголт таалагдана уу байна уу хамаагүй,  энэ нь Засгийн газарт тэр сонголтыг хэрэгжүүлэх хөшүүрэг болно гэсэн үг. Жишээ нь, энэ байдал Засгийн газар гадаад зээлдүүлэгчдээс зээл авах буюу уул уурхайн маргаантай төслүүдийг хөдөлгөх эрсдэлийг ихэсгэх магадлалтай юм.

Гуравдугаарт, нэг талаар, улсын хэмжээнд явагдсан мессежэн санал асуулгыг шууд ардчиллын нэг санаачилга байсан мэтээр тайлбарлаж болох авч, нөгөө талаар, энэ нь жинхэнэ ардчилсан бодлогоор дулимаг ардчиллын дохио зангаа байсан мэт харагдаж байна. Санал асуулга нь бүх нийтийн хууль ёсны санал хураалт ч байсангүй, улсын хэмжээнд явагдах сонгуулийн бэлтгэлд танилцуулдаг төрийн бодлогын сонголт ч байсангүй. Санал асуулга нь аль ч утгаараа Засгийн газрын ил тод мандат байгаагүй ч, Төр засаг үүнийг ашиглахыг сонгосон нь харагдаж байна. Түүнчлэн, хэвлэл мэдээлэл болон уул уурхайн компаниуд санал асуулгын үр дүнг тодорхой нэг бодлогын сонголт дээр олон нийт санал нийлсэн мэтээр тайлбарлах магадлалтай ба ингэснээр эдийн засагт бодитой нөлөө үзүүлж болох юм.

Санал асуулгын үр дүнд холимог дүр зураг бий болж байна. Монголд болдог сонгуулиудтай харьцуулбал, санал асуулгад оролцсон иргэдийн оролцоо ерөнхийдөө бага байв. Гэхдээ, энэ үйл явцын хугацаа таван өдөр байсныг, түүнчлэн хөдөө орон нутгийн Монголчууд цахилгааны болон утасны тасалданги сүлжээтэй байдгийг харгалзвал, оролцооны хэмжээ хангалттай байсан гэж үзэж болохоор. Ерөнхийдөө, оролцоо сайн байсан эсэх дээр янз бүрийн үзэл бодол байна.

Нийтдээ 356,841 санал ирснээс 302,008-ыг нь хүчинтэйд тооцсон байна. Оролцогчдын 56,1% нь уул уурхайн том төслүүдийг дэмжсэн бол 43,9% нь хэмнэлтийн бодлогыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. 1,6 сая орчим Монголчууд санал өгөх эрхтэй гэж үзвэл, санал асуулгын оролцоо 25%-иас доогуур байна. Хүмүүс гар утасны янз бүрийн сүлжээнээс саналаа олон дахин өгөх боломжтой байсан тул яг хэчнээн хүн санал өгснийг тодорхойлоход бэрх. Түүнчлэн, Жулиан Диеркэсийн тэмдэглэсэнээр, 56/44 харьцаа бол аль аль сонголтын хувьд илэрхий дэмжлэг болж огтхон ч чадахгүй тул санал нэгтэй зөвшөөрөл болсон гэж үзэх боломжгүй юм. Харин үүний оронд энэ нь, иргэд Монголын эдийн засгийн ирээдүй, түүн дэх өөрсдийн байр суурийн талаар холимог, бүрхэг, магадгүй зөрчилдөөнтэй үзэл санаатай байгаа талаар томоохон асуултуудыг бий болгож байна.

Санал асуулга дахь хоёр сонголт хоорондоо хэт зөрүүтэй хэллэгтэй байснаас харахад, мессежэн санал асуулга нь эхний боломжийг өргөн олонд тулгах улс төрийн илүү том стратегийн нэг хэсэг байсан гэж таамаглахад хүргэж байна. Монголд саяхан болж өнгөрсөн гол үйл явдлуудыг харгалзан үзвэл, улс төрийн илүү өргөн дүр зурагт мессежэн санал асуулга нь ямар үүрэг рольтой байсныг тодруулж байна. Санал асуулгын хугацааны өмнөхөн Сайханбилэг Олон Улсын Валютын Санд эдийн засгийн тусламж хүссэн захидал илгээсэн билээ. Тэрээр олон нийтэд санал асуулга зарлахаасаа хэдхэн хоногийн өмнө, 1 сарын 26-нд энэ захидалдаа гарын үсэг зуржээ. Санал асуулга дуусах үед хэн нэгэн энэ захидлыг твиттерт тавьснаар захидал нийгмийн сүлжээнд үлэмж түгэв. Үүнээс үзэхэд, мессежэн санал асуулгын санаачлагаар далдлан хийж буй төрийн хуйвалдааныг ард түмэн ойлгож, хуваалцах ихээхэн хүсэлтэй байна гэж дүгнэж болохоор байна.

Хоёрдугаар сарын эхний долоо хоногт Сайханбилэг Оюу Толгой дахь Төрийн оролцооны хэмжээг илүү өндөр роялтигаар солих үүднээс Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулахыг санал болгосон билээ. Цаашлаад, нө-гө зон буюу хориотой бүсэд уул уурхайн үйл ажиллагаа явуулахыг хориглодог Урт нэртэй хуулийг хүчингүй болгохын тулд УИХ өндөр хэмжээний роялти бий болгох боломж бүхий уул уурхайн төслүүдийн нөхцлийг өөрчлөх далд стратегийг хэрэгжүүлж байна. Энэ алхам нь нийгмийг хөдөлгөөнд оруулав. Шашны, байгаль орчны болон үндсэрхэг бүлгүүд маргаант Гачууртын алтны уурхайг Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудын жагсаалтад нэмэх УИХ-ын шийдвэрийг эсэргүүцэн тэмцэж байна. Энэ шийдвэр нь 2010 оны 6 дугаар сард Засгийн газраас үйл ажиллагааг нь хорьсон Канадын Сентерра Гоулд компанид Гачууртын уурхайг ашиглаж, Монголын хойд хэсэгт байрлах, түүхийн чухаг өв, тахилгат Ноён Ууланд уурхайн үйл ажиллагаа явуулах боломж олгох юм.

Монгол хүмүүс тэгвэл ардчилсан дохио зангаа болох мессежэн санал асуулгыг хэрхэн тайлбарлаж байна вэ? Санал асуулгын үнэмшил муутай мөн чанарыг шүүмжлэхийн сацуу, энэ санаачлагад өгөх хариу янз бүр байна. Зарим монгол хүмүүстэй хийсэн ярилцлага  болон нийгмийн сүлжээ, хэвлэл мэдээлэлд хийсэн ажиглалтаасаа харахад, хэд хэдэн нийтлэг санаа гарч ирж байгааг толилуулъя. Зарим хүмүүс санал асуулгын талаар түгшүүртэй байна. Санал асуулгыг ашиглаж, Засгийн газар эрсдэл ихтэй буюу бүрхэг алхам хийгээд, бүтэхгүй болохоор нь ард түмнийг буруутгах магадлалтай гэсэн үзэл бодол байна. Зарим хүмүүсийн хувьд санал асуулга нь өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдалд тохирсон үр дүнтэй шийдэл гаргаж ирээгүй, ялангуяа хэмнэлтийн бодлогын талаарх хоёр дахь сонголт шийдэл байж чадсангүй. Бидэнтэй ярилцсан нэг монгол хүн “Чангалах ч бүсгүй болгочихоод, юун бүсээ чангалах вэ?” гэж хэлсэнчлэн, олон монгол хүн эдийн засгийн уналтыг хүчтэй мэдэрч байгаа бөгөөд хэрэв тэд өөсрдөө болон төр эдийн засгийн илүү их хязгаарлалтанд орвол ирээдүй нь юу болох талаар санаа зовниж байна. Түүнчлэн, санал асуулгын зохион байгуулалт сул байсан талаар ч үзэл бодлоо илэрхийлсэн хүмүүс байна. Санал асуулгын үг хэллэг нь хачин байснаар барахгүй, зарлал болон санал авах хугацаа богино байсан нь төр иргэдийнхээ шийдвэрийг үнэхээр харгалзан үздэг гэсэн сэтгэдэл төрүүлэхүйц байж чадсангүй.

Cartoon commentary of SMS poll by Darkhan Mongol Nogoon Negdel

Ерөнхийдөө, нийгмийн сүлжээгээр түгэж буй доорх шог зурагт дүрслэн харуулсан шиг, олон нийтийн хувьд энэхүү санал асуулга нь “шоу” байсан ба ард түмэн Засгийн газарт итгэхээ больж байна гэсэн ойлголтыг бид авав.

 

Ийм ширүүн зураг ард түмэн аль ч сонголтыг нь сонгосон, Монгол Улс эдийн засгийн илүү сайн ирээдүй бүтээнэ гэдэгт эргэлзсэн, гутранги, үл итгэх үзэлтэй байгааг илэрхийлж байна.

Тэгэхээр ирж буй Хонин жил юу авчрах нь вэ? Битүүний өдөр Монголчууд Засгийн газар нь ямар шийдвэр гаргаж, ямар чиглэл сонгохыг харахаар хүлээж байна. Мессежэн санал асуулга хэдий муу байсан ч гэсэн, ямартай ч үүний үр дүнд Төр засаг нь ахархан хугацаанд ихээхэн эрс алхамууд хийж байгааг харсан ард түмэн, олон нийтийн таамаглал, оролцоо, шүүмжлэлд өргөнөөр татагдан оролцож эхлэв.

Түүнчлэн санал асуулга нь ялангуяа өсөлт, хэмнэлтийг юу бүрдүүлдэгтэй холбоотой эдийн засгийн ирээдүйн талаарх Монголчуудын өвөрмөц үзэл бодлыг илэрхийллээ.Text referendum sheep image investments v austerity

Нүүдлийн мал аж ахуйн оронд тэнцвэрийн хэлбэрийг хадгалах нь сүргийн удирдлагын амин чухал хэсэг юм. Сүүлчийн энэ зураг нь хэмнэлт гэж юу гэсэн утгатай байж болохыг егөөдөн (үгүй ч байж магадгүй) харуулжээ. Түрүүчийн зурагны адил, үүн дээр мессежэн санал асуулгын боломжуудыг илэрхийлсэн байна. Эхний хэсэг дээр эрсдэл хийж шинэ юм нэмснээр (гадаадын хөрөнгө оруулагчдын хамт уул уурхайн төслүүдийг хэрэгжүүлэх гэх мэт) сүрэг нь нь дараагийн жилд тавхан хониор нэмэгдэж байгааг харуулсан бол, дараагийн хэсэг дэхь “хэмнэлт” нь тийм ч муу биш дүр зургийг илэрхийлжээ. Гадны нэг их нөлөөгүйгээр сүрэг хэвэндээ л байж байна. Юмс яг хэвээрээ үлдэж байна. Энэ санаагаар бол, нэг байтугай ашгаа тавьж өгч байж өөрчлөлт хийх гэсэн сонголтын хажууд бол, ямар ч байсан тэсээд, хариу үйлдэл үзүүлэхгүй байх нь хамгийн сайн сонголт шиг харагдаж байна.

 

Талархал

Энэхүү блогт Хэдвиг Ватэрс, Дуламын Бум-Очир, Шагдарсүрэнгийн Номиндарь, Үжээдийн Уранчимэг, Тэрбишийн Баасанжав нарын яриа, үзэл бодол орсон болно. Уг блог нь Лондонгийн Коллеж Их Сургуулиас хэрэгжүүлж буй Монгол дахь эдийн засгийн шинэ хэлбэр төрхөөс үүсэн бий болж буй зарим сэдвүүдийг нарийвчлан судалж байгаа судалгааны төслийн нэг хэсэг юм. Шинэ эдийн засагт үүсэн бий болж буй сэдвүүд : Монгол дахь эдийн засгийн өсөлтийг мөшгөхүй, ERC-2013-CoG, 615785 сэдэвт энэхүү судалгааг Европын судалгааны зөвлөлийн санхүүжүүлж байна.