X Close

Emerging Subjects Blog

Home

Emerging Subjects of the New Economy: Tracing Economic Growth in Mongolia

Menu

Өөдрөг уурхайчид ба Гутранги улс төрчид: Улаанбаатарт болсон “Дисковэр Монголиа-2015” Чуулга уулзалтын талаарх тэмдэглэл

By uczipm0, on 19 November 2015

English1

 

Энэхүү нийтлэлийг Шинэ эдийн засагт үүсч буй субъектүүд төслийн судлаач, МУИС-ийн антропологийн докторант Ичинхорлоогийн Бямбабаатар бичив.

Орчуулсан: Шагдарсүрэнгийн Номиндарь

Уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулагчдын “Дисковэр Монголиа-2015” олон улсын 13 дахь удаагийн чуулга уулзалт 9 сарын 3-4-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж өнгөрлөө. Энэ арга хэмжээ “Популизмгүй уул уурхайн төлөө” уриан дор явагдсан ба чуулга уулзалтын үндсэн илтгэгчид Монголын уул уурхайн хөгжилд чөдөр тушаа болж буй гол асуудлууд бол популизм, хөрөнгө оруулалтын бууралт болон бизнесийн эрх чөлөөнд халдаж буй төрийн оролцоо гэдгийг тэмдэглэж байв. Тус чуулга уулзалтыг Mongolian Investment Holding Group буюу Эм Ай Эйч группын охин компани болох  Prime Info болон Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци хамтран 2002 оноос хойш жил бүр зохион байгуулж ирсэн бөгөөд уул уурхайн компаниудын хувьд энэ арга хэмжээ нь хөрөнгө оруулалт татах хийгээд салбарын тулгамдсан асуудлуудыг Монгол улсын Засгийн газартай хэлэлцэх талбар болсон юм.

Зураг 1. Нээлтийн үйл ажиллагаанд: Монгол Улсын Ерөнхийлөгч асан П. Очирбат, Эм Ай Эйч группын Ерөнхийлөгч Д. Жаргалсайхан, Монгол Улсын Сайд М. Энхсайхан, Уул Уурхайн Сайд Р. Жигжид.

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П. Очирбат нээлтийн үгэндээ цохон тэмдэглэсэнчлэн, чуулга уулзалтад өмнөх жилийнхээс илүү их оролцогчид иржээ. Арга хэмжээнд 70 гаруй байгууллага бүртгүүлсэн байсан бөгөөд өглөөний чуулганы үеэр, ялангуяа “Үндсэн илтгэлүүд”, “Засгийн Газрын Цаг”, “Уул уурхайн салбар дахь бизнесийн эрх чөлөө” сэдвүүд дор явагдсан эхний гурван салбар хуралдааны үеэр танхим дүүрэн оролцогчтой байв. Гэвч үдээс хойшхи болон дараагийн өдрийн хуралдаанд оролцогчдын тоо эрс буурсан юм. Ихэнх оролцогчид үдээс өмнөх хуралдаан, тэр дундаа “Засгийн Газрын Цаг”-ийн үеэр Ерөнхий Сайд болон дээд албан тушаалтнуудтай уулзаж ярилцана гэж хүлээж байсан нь илэрхий байв. Гэвч эхний салбар хуралдаанд Засгийн Газрын хоёр гишүүн л оролцож, Уул уурхайн сайд Жигжид товч нээлтийн үг хэлж, том төслүүд хариуцсан сайд Энхсайхан оролцов. Харин Засгийн Газрын цагаар яамдын хэлтсийн төлөөлөл, газрын даргын түвшний албан тушаалтнууд илтгэл тавьсан болно.

Discover Mongolia meeting 2

Зураг 2. “Дисковэр Монголиа” Чуулга уулзалтын үдээс хойшхи хуралдааны үеэр.

Хөрөнгө оруулагчид болон уул уурхайн компаниуд Монгол улсын уул уурхайн талаар ямар ойлголт төсөөлөлтэй байгааг мөн чуулга уулзалтын явцын талаар дэлгэрүүлж ярихын өмнө, өнгөрсөн хэдэн жилд Монгол улс хийгээд Монгол улсын олборлох салбарт чухам юу болж өнгөрсөн талаар цухас дурдая.

Монгол Улсын Үндэсний Статистикийн Хорооны мэдээгээр, Монголын олборлох салбар дахь Гадаадын Шууд Хөрөнгө Оруулалт (ГШХО) 2011 онд 5.2 их наяд төгрөг байснаас 2014 он гэхэд 0,8 их наяд төгрөг болтол огцом буурсан байна (2010 онд Оюу Толгой уурхай үйл ажиллагаагаа эрчимжүүлж эхлээд 2013 оноос далд уурхайн бүтээн байгуулалтаа зогсоосонтой холбоотой бололтой). Харин Дэлхийн Банкны тооцоогоор бол, Монголд ирэх гадаадын шууд хөрөнгө оруулалт 2011 онд 4.7 тэрбум ам.доллар байснаа 2013 онд 2.1 тэрбүм ам.доллар болж буурсан ажээ.

Ийнхүү хөрөнгө оруулалтын дотогшоо-урсгал татарсан нь Монгол улсад улс төр-эдийн засгийн олон маргааныг улам дэвэргэсэн байна. Зарим нь ОУВС-ийн зээлийн хөтөлбөрүүдийн нэг болох Stand-By arrangement-ийг хүлээн авах хэрэгтэй гэхэд, зарим нь, тухайлбал Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж улсын өрийн ДНБ-д эзлэх хувь хэмжээг 80%-д хүргэж, Таван Толгойн коксжих нүүрсний ордны Хөрөнгө оруулагчдын консорциум болон Оюу Толгойн ордны Рио Тинто компанитай яаралтай тохиролцоонд хүрэх хэрэгтэйг уриалж байв. Монголын эрх баригчид уул уурхайн дэд бүтцийг хөгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө босгох асуудал дээр санал зөрөөтэй байснаас гадна төмөр замын цариг хийгээд хөрөнгө оруулалтын хомсдолыг нөхөх магадлалтай нэмэлт зээл, бондоор бусад том төслүүдийг санхүүжүүлэх асуудлууд дээр маргаж байв.

Засгийн газрын гадаад өрийн асуудал олон нийтийг хамарч, хүн амын дунд айдас бий болгосон төдийгүй энэ асуудлаар сошиал медиад суурилсан хөдөлгөөнүүд маргаан, хэлэлцүүлгийг эрчимтэй өрнүүлж байлаа. Хэдэн сар үргэлжилсэн маргааны дараа Засгийн газраас өргөн барьсан Өрийн удирдлагын тухай болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиудыг УИХ баталж, ДНБ-д эзлэх засгийн газрын гадаад өрийн хувь хэмжээг 2015 онд 58.3%, 2016 онд 55%, 2017 онд 50%, 2018 онд 40% гэхчлэн тогтоохоор шийдвэрлэсэн билээ.

Монголд орох гадаадын хөрөнгө оруулалт буурч, эдийн засаг удааширч эхэлмэгц бурууг нь 2009 оноос хойш Урт нэртэй хууль буюу Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг лоббидож, дэмжиж ирсэн байгаль орчны хөдөлгөөнүүд дээр тохохоор яарцгаав. Энэ хуулиар усны сан, хамгаалалттай газар, ойн санд байсан 488 уул уурхайн тусгай зөвшөөрөл буюу лицензийг хүчингүй болгосон бөгөөд алтны компаниуд Засгийн Газраас 202 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр шаардснаас гадна, сүүлдээ “Онги гол” зэрэг байгаль орчны хөдөлгөөнүүдийн эсрэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дайрахын сацуу хэрэв компаниуд ажиллаж эхэлвэл Монголын алтны нөөц болон гадаадын хөрөнгө оруулалтыг шууд нэмэгдүүлнэ хэмээн амлаж байв.

Уул уурхайн лиценз шинээр олгохыг 5 жил зогсоосны дараа Засгийн газар 2015 оны 1 сараас эхлэн ашигт малтмалын хайгуулын лицензийг онлайн өргөдлийн системээр, баруун болон зүүн аймгуудад ‘хэн түрүүлж ирсэн нь авах’ зарчмын дагуу шинээр олгож эхэлсэн билээ. Чуулга уулзалтын “Засгийн газрын цаг” салбар хуралдаан дээр хамгийн их сонирхол татсан сэдэв нь энэхүү шинээр лиценз олгож байгаа асуудал байв. Уул уурхайн яамнаас, Засгийн газар 30 сая га газарт хайгуулын 3000 лиценз олгож, нийт лицензтэй талбайг Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн 30%-иас илүү гаргахгүй байхаар төлөвлөж байгааг мэдэгдэв.

Зураг 3. “Засгийн Газрын Цаг” хуралдааны үеэр. Уул уурхайн болон Сангийн яамны төлөөлөл, Ашигт малтмалын газрын дарга, Өмнөговь аймгийн засаг дарга, Татварын газрын төлөөлөл.

Зураг 3. “Засгийн Газрын Цаг” хуралдааны үеэр. Уул уурхайн болон Сангийн яамны төлөөлөл, Ашигт малтмалын газрын дарга, Өмнөговь аймгийн засаг дарга, Татварын газрын төлөөлөл.

Чуулга уулзалт дуусах үед гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн болон гадаад дотоодын туслан гүйцэтгэгч, үйлчилгээ үзүүлэгч олон компаниуд Монголын олборлох салбарын ирээдүйг  өөдрөгөөр харсан хэвээр байгаа нь тодорхой болж байв. Mongolian Investment Banking Group буюу Монголын Хөрөнгө Оруулалтын Банк группын Крис МакДугалл өөрийн илтгэлдээ сүүлийн хоёр жилд баталсан Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, Татварын өршөөл үзүүлэх тухай хууль, Оюу Толгойн далд уурхайн хөрөнгө оруулалтын шийдэл болон Ерөнхий сайдаар Сайханбилэг томилогдсон зэргийг Монголд бий болсон эерэг өөрчлөлт хэмээн дүгнэж байв. Эрдэнэс Монгол компанийн төлөөлөл “Сүүлийн хоёр жилд хийгдсэн эдгээр өөрчлөлтүүд нь Монголын Засгийн Газрын өнгөрсөн 10 жилд хийсэн ажилтай харьцуулахад хэмжээлшгүй их амжилт юм” хэмээн цохон тэмдэглэж байлаа.

Уул уурхайн төслүүдэд гадаадын хөрөнгө оруулалтыг татах ажил муу байгаагийн нэг шалтгаан нь гадаадад Монголын талаар сөрөг мэдээлэл цацсагдсанаар шинээр хөрөнгө оруулах боломжтой шинэ хөрөнгө оруулагчид Монголоос үргэж байгаа явдал гэдэгт хуралдаанд оролцогчид санал нэгтэй байлаа. “Бизнесийн эрх чөлөө” хуралдааны илтгэгчид Монголтой холбоотой хэвлэл мэдээлэл нь зарим талаар хаагдмал, мэдээлэл нь тодорхойгүй, дэгэсдүүлсэн байдаг бөгөөд үүнийг холбогдох байгууллага, агентлагууд нь хяналт тавьж, шалгах шаардлагатайг тэмдэглэж байв. Эдгээр санаанууд ч Рио Тинто, Занаду Майнс, Эспайр Майнинг, Эрдэнэс Монгол компаниудын илтгэл дээр мөн давтагдаж байсан юм. Мөн эдгээр компаниудын зүгээс Монгол улс нь бизнесийн орчин, ил тод байдлыг сайжруулах, тухайлан Монголыг сонирхсон хөрөнгө оруулагчдыг татах зэрэгт ахиц гаргах шаардлагатай ч, Монгол улс бизнес хийхэд нээлттэй таатай орон болохыг баталж байв.

Зураг 4. Уул уурхайн компаниуд болон уул уурхайн туслан гүйцэгтэгч, үйлчилгээ үзүүлэгч компаниудын танилцуулга. Улаанбаатар хот, Корпорэйт зочид буудлын 3-р давхарт.

Зураг 4. Уул уурхайн компаниуд болон уул уурхайн туслан гүйцэгтэгч, үйлчилгээ үзүүлэгч компаниудын танилцуулга. Улаанбаатар хот, Корпорэйт зочид буудлын 3-р давхарт.

Монгол улсын Засгийн Газар, Рио Тинто хоёрын хэлэлцэж шийдвэрлэсэн Оюу Толгойн далд уурхайн гэрээ, удалгүй шийдвэрлэгдэх байх гэж найдлага тавьж буй Таван Толгойн гэрээ зэрэг уул уурхайн томоохон төслүүд урагшилсны ачаар уул уурхайн болон түүний туслах салбаруудад хийгдэх хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэдэгт олон оролцогчид найдлага тавьж байв. Гэвч Сайд Энхсайхан “Таван Толгойн гэрээг УИХ-д өргөн барих үед батлагдах найдвар нь 50% : 50%-тай байсан боловч одоо 10 орчим хувьтай байх” гэж дүгнэж байлаа.

Монгол улсын сайд Энхсайхан болон өөр хоёр илтгэгч дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийн өсөлтийн циклийг Монгол улс ашиглаж чадаагүй болон түүхий эдийн үнийн өсөлтийг Монголын улс төрийн цикл хэрхэн ашиглаж чадалгүй алдсан талаар илтгэв. Уул уурхайн олон компани, хөгжлийн агентлагууд сонгуулийн өмнөх улс төрийн идэвхгүй үеийг сайн мэддэг бөгөөд сонгуулийн өмнөх жилүүдэд аль болох тохиролцоонд хүрэхийг хичээдэг нь үнэн билээ. Энэ нь сонгуулийн жилүүдэд олон улс төрч, шийдвэр гаргагчид эргэлзэнгүй болж, улс төрийн нэр хүнд юм уу, сонгуулийн кампанит ажилд нь муугаар нөлөөлөхүйц эрс шийдвэр гаргахаас хойргошдогтой холбоотой. Энэхүү зогсонги байдал нь сонгуулийн жилүүдэд эхлэх төслүүд буюу шинэ хөрөнгө оруулалтын хэмжээг багасгадаг юм.

Дүгнэн хэлэхэд, Дисковэр Монголиа чуулга уулзалтад оролцогчдын дунд ерөнхий хоёр хандлага байх шиг байна. Эхнийх нь, Монголын олборлох салбарын ирээдүйн талаар болгоомжилсон, гутранги үзэлтэй, уул уурхайн салбар дахь төрийн оролцоог багасгахын хамт популизмгүйгээр бизнесийн эрх чөлөөг хангах хэрэгтэй гэсэн үзэл. Харин нөгөө талд ялангуяа хувийн компаниуд Монголын олборлох салбарын ирээдүйг илүү эерэгээр харж байх бөгөөд Монголын Засгийн Газрыг дотоодын популист хэрүүл маргаандаа анхаарахын оронд гэгээлэг мэдээгээ дэлхийд ашигтайгаар түгээж, хөрөнгө оруулалтаа улам баталгаажуулахыг уриалж байна.

 

4 Responses to “Өөдрөг уурхайчид ба Гутранги улс төрчид: Улаанбаатарт болсон “Дисковэр Монголиа-2015” Чуулга уулзалтын талаарх тэмдэглэл”

  • 1
    Byambabaatar wrote on 24 November 2015:

    Gold company in Mongolia apologised for slandering Ts. Munkhbayar, head of Ongi river movements on extortion racket on 23 November 2015 by court decision.

  • 2
    Rebecca Empson wrote on 23 December 2015:

    It is perplexing to hear politicians blame those who pressed for the ‘law with the long name’ for the decline in the general economy and for being ‘populist’ / ‘nationalists’. Surely it is not they who can be blamed for the decline in the global economic super-cycle, or worldwide commodities prices?

  • 3
    Water Heater Installation Englewood wrote on 8 July 2021:

    Thanks for taking the time to discuss this, I feel strongly about it and love learning more on this topic. If possible, as you gain expertise, would you mind updating your blog with more information? It is extremely helpful for me.

  • 4
    peter John wrote on 12 July 2021:

    Thanks for sharing with us. Security Company Montgomery County

Leave a Reply