X Close

Emerging Subjects Blog

Home

Emerging Subjects of the New Economy: Tracing Economic Growth in Mongolia

Menu

Эрүүл мэнд ба эдийн засаг: Улаан бурхан, АСЕМ, ба сонгууль

By uczipm0, on 24 April 2016

Дараах нийтлэл өнөөдөр Монголын ард олны дунд буй бухимдал, шүүмжлэлийн талаар авч үзнэ. Эдийн засгийн өнөөгийн уур амьсгал ямархуу хурцадмал байгааг болон энэ нь өдөр тутмын амьдралд хэрхэн нөлөөлж байгааг олон хүн яаж бодитоор мэдэрч буйг уг шүүмжлэл авч хөндсөн байна. Ирж буй АСЕМ-ийн уулзалтад зориулж хотын өнгө үзэмжийг сайжруулахад мөнгө үрж байгаа хэрнээ эрүүл мэндийн салбарын төсөвт таналт хийж, одоо бодит зүйл бүтээхэд анхаарахын оронд сонгуулийн амлалт хийж, нийгмийн хамгийн эмзэг хүн амын давхаргынхаа эрүүл мэндийг хамгаалахгүй хэрнээ баатарлаг дүр эсгэсэн улс төрийн шоу хийж байгаа нь Монголын бодит байдал юм. Улс төр, эдийн засаг иргэдийн өдөр тутмын амьдралын асуудлаас алсран холдож буйг хүмүүс хэрхэн мэдэрч байгааг энэхүү өгүүлэл сайн гаргаж чаджээ. Тус өгүүллийн нэг хувилбар UBLife нэртэй цахим сэтгүүлд нийтлэгдсэн ба зохиогч Х. Уянга манай блогт зориулан илүү дэлгэрнгүй хувилбар бэлдэж өгсөн болно.

 

Х. Уянга,  2016 оны 4 сарын 19 

“Юуны чинь Баттулга, АСЕМ, сонгууль. Улаанбурхан өвчнөөр үрээ алдсан эхийн нулимснаас илүү харамсалтай, хүний аминаас илүү үнэтэй юм уу тэр чинь”. Танихгүй залуу ийн жиргэж. Улаанбурхан өвчнөөр бяцхан үрс эндэж байгаа тухай олон нийтийн сүлжээнээс ойр ойрхон харж, энэ талаар санаа тавихгүй байгаа төр засагт хүргэхсэн гэж гэж бодоод байсан санааг минь яг оноод хэлчихсэн болохоор түүний үг сэтгэлд ойр туссан хэрэг. Өнгөрсөн долоо хоногт фэйсбүүк дэх ээжүүдийн бүлгэмд нэгэн ээжийн бичсэн сэтгэл шимшрүүлсэн нийтлэлийг санаандгүй олж үзсэнээс хойш энэ үг л хоолой дээр тээглээд, хэлэх гэхээр хэл эвлэхгүй байсан юм.

“Хэрэглэж байгаад үлдсэн 102 ширхэг живх хэрэгтэй хүнд нь бэлэглэе” гээд залуухан ээжийн нулимстай үгс үргэлжилж байв. Ээжүүдийн сэтгэлд айдас хуруулж, хэлэхээс ч цээрлэм үгсийн нэг болоод буй улаанбурхан хэмээх хэцүү өвчнөөр тэр ээж үрээ алджээ. Тэр ээжийн бичсэнийг уншихад ч хэцүү байсан. Гэхдээ хэдхэн хоногийн өмнө өвөрт нь амгалан нойрсож байсан, дөнгөж л ход ход инээж сураад ээжийнхээ өөдөөс гараа сарвалзуулан зүтгэж байсан, ангир уургаа ханатал хөхөж амжаагүй үрээ үгүй болсон гэдэгт итгэж чадахгүй суугаа эхийн сэтгэл ямар байгааг хэн өөр шиг нь мэдрэх билээ. Тэр ээж төр засгийг буруутгахыг хүсэхгүй байгаа ч байдал үнэхээр хүнд байгааг цөхөрсөн янзтай бичсэн байлаа. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн тасгууд дайны хөлд өртсөн газрын хээрийн эмнэлэг шиг, аль эсвэл гамшигт нэрвэгдэгсдийн хуаран шиг хөл гишгэх зайгүй, битүү зулсан байна гэсэн.

Ulaan Burhan resized

http://www.ub.life/society/11/211

 

2016 онд эмийн төсвийг нийт 86 тэрбум төгрөг болгон батлуулсан нь өнгөрсөн жилээс даруй 13 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн гэж албан тушаалтнууд хэлж байгаа ч бодит байдал дээр эмнэлэгүүд улс орны эдийн засаг хямарсан гэсэн шалтгаан хэлж, эм, тариагаар тарчигхан байгаа тухай үйлчлүүлэгчдийн олонх нь гомдоллож буй. Онцгой байдалд ажиллаж буй ХӨСҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт гаднаас эм, тариа авахуулах шаардлага зайлшгүй гарч байна. Энд үхэлтэй тэмцэлдэн байгаа тэдгээр бяцхан үрсийг аврах найдвар нь “Глобулин” хэмээх дархлаа дэмжих үйлчилгээтэй тариа. Гэвч энэхүү тариа сүүлийн үед олдохоо больсон бөгөөд хүүхдээ аврахыг хүссэн эцэг, эхчүүд дамын наймаачдаас 200-300 орчим мянган төгрөгөөр авсан тохиолдол ч гарчээ. Энэ бол дундаж монгол хүний хагас сарын цалинтай тэнцэх мөнгө. Гэтэл ийм үнээр “Глобулин” тариаг авч чадахгүй эцэг, эхчүүд ч олон.

Халдварт өвчин судлалын үндэсний төв онцгой объект гэдгээрээ халхавчилж хэвлэл мэдээллийнхнийг дотогш нэвтрүүлэхгүй, бас энэ өвчинтэй холбоотой элдэв тоо хэлэхийг хориглосон. Харин Улсын бүртгэл, статистикийн газраас гаргасан Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлыг энэ оны эхний улирлын байдлаар тоймлосон тайланд тун ч сэтгэл эмзэглүүлэм тоо гарчээ.

Бүр сонсохоос ч аймаар. Улсын хэмжээгээр энэ оны эхний гурван сарын байдлаар нялхсын эндэгдэл 427 болж, өмнөх оны мөн үеийнхээс 106 хүүхэд буюу 33 хувиар, тав хүртэлх насандаа эндсэн хүүхдийн тоо 491 хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 120 хүүхэд буюу 32.3 хувиар өссөн байна. Үүнээс зөвхөн гуравдугаар сарыг сугалж харвал, өнгөрсөн сард 183 нялхас эндсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 67.9 хувиар, тав хүртэлх насны 204 хүүхэд эндсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 63.2 хувиар өссөн тоо аж. 60-70 хувь шүү дээ, аймаар, харамсмаар…

Хүүхдийн эндэгдэл яг юунаас болж ийнхүү гэнэт, огцом өссөн шалтгааныг уг статистикт дурдаагүй ч халдварт өвчнөөр өвчлөгчид энэ оны эхний улиралд 25355 болж, өмнөх оны мөн үеийнхээс 2.8 дахин нэмэгдэхэд улаанбурхнаар 15540 хүн өвчилсөн нь голлон нөлөөлсөн гэж ямар ч хоёрдмол, далд утгагүйгээр, буруу зөрүү ойлгогдохооргүй, цагаан дээр хараар бичсэн байна. Халдварт бус өвчнөөр нас барах тохиолдол ингэж огцом өсөхгүй тул хүүхдийн эндэгдэл өссөн гол шалтгаан улаанбурхан өвчин байж болох юм.

Байдал ийм л байна. Үүнийг мэдэж байгаа хүн төр засагт байгаа ч юм уу, үгүй ч юм уу. Эрүүл мэндийн салбар “эзэн”-гүй байгааг ч хэлэх үү, энэ талаар ам ангайж байгаа хүн алга. Үнэндээ төр, засгийнханд хэрүүл тэмцлээ шийдэж, сонгуулийн мөнгөө босгох нь л чухал байгаагаас биш нялх үрсийг цаг бусаар авч явж байгаа хэцүү нэртэй өвчнийг дарж авах, эсэх нь сонин биш байх шиг.

Хагас жил эрүүл мэндийн салбарыг хариуцаж байгаа Ц.Оюунбаатар сайдаас хүний амь нэхэхээ больё, харин айдас, түгшүүр дунд амьдарч буй ээжүүдийн өмнөөс асууя. Улаанбурхан өвчний дэгдэлт эхлээд жил гаруй болж байхад дарж чаддаггүй юм гэхэд яагаад хяналтдаа авч чадахгүй байна вэ. Яагаад…?

6 Responses to “Эрүүл мэнд ба эдийн засаг: Улаан бурхан, АСЕМ, ба сонгууль”

  • 1
    Karina Barrera wrote on 9 May 2023:

    Оюунбаатар сайдаас хүний амь нэхэхээ больё, харин айдас free games

  • 2
    taylordle wrote on 16 May 2023:

    They truly have an eye for the beauty that surrounds us (and Amsterdam, obviously.) taylordle

  • 3
    taylordle wrote on 29 May 2023:

    Thank you for sharing the valuable information.
    Keep it up! taylordle

  • 4
    taylordle wrote on 12 June 2023:

    In short, I enjoyed reading your complete essay. taylordle

  • 5
    taylordle wrote on 29 June 2023:

    It is perfect chance to make a couple of game plans for the future and the opportunity has arrived to be sprightly. taylordle

  • 6
    Apk Wa wrote on 4 July 2023:

    Get GB WhatsApp from our website.