X Close

Emerging Subjects Blog

Home

Emerging Subjects of the New Economy: Tracing Economic Growth in Mongolia

Menu

Нутгийн Зөвлөл ба Албан бус Улс төрийн Хүч

By uczipm0, on 18 December 2015

English1

Бичсэн: Шагдарын Туяа
МУИС-ийн Антропологи, Археологийн Тэнхимийн багш, судлаач Шагдарын Туяа нь Шинэ эдийн засагт үүсч буй субъектүүд төсөлд Лорэн Бониллатай хамтран ажиллаж буй
судлаач юм.

Орчуулсан: Шагдарсүрэнгийн Номиндарь

Сүүлийн хэдэн сарын турш би Нутгийн Зөвлөл (НЗ) гэгдэх Монгол дахь “албан бус” улс төрийн байгууллагуудын талаар судалж байгаа билээ. Энэхүү судалгааг Швейцарийн Хөгжлийн Агентлаг (ШХА)-аас “Орон нутгийн ардчиллын гол оролцогчид” дээр голчлон анхаарч хэрэгжүүлж буй засаглалын талаарх төслийн хүрээнд[1] санхүүжүүлсэн бөгөөд ШХА-ийн Улаанбаатар дахь оффис Увс аймгийн Нутгийн Зөвлөлийн талаар судалгаа хийхийг санал болгосон  болно. Энэ нь Увс аймгийн НЗ бусад төстэй байгууллагууд дундаа  хамгийн идэвхитэй байгууллагуудын нэгт тооцогддог төдийгүй, энэ аймгаас төрөн гарсан маш олон алдар цуутан, төрийн зүтгэлтнүүд байдагтай холбоотой.

Увс нь Баруун аймгуудын бүсэд орших ба хүн амынх нь ихэнх хэсэг Ойрад Монголчуудаас бүрддэг. Монгол улс нийт 21 аймагт хуваагдах бөгөөд аймаг тус бүр дунджаар 15 орчим сумтай. Сум бүрийн тойрог Улаанбаатар, Дархан, Эрдэнэт гэх мэт томоохон суурин газруудад төлөөлөл бүхий НЗ-тэй ба заримыг нь бүр Швейцарь, АНУ зэрэг гадаад орнуудад өөрийн гэсэн төлөөлөлтэй ч гэлцдэг. Эдгээр зөвлөлүүд нь төрөлх нутгаасаа гарч, аймгийн төв, хот, суурин газруудад амьдарч буй нэг нутгийнхнаас бүрддэг байна.

Нутгийн Зөвлөлүүдийн гол үүрэг бол улс төр, бизнес, эрдэм шинжилгээ, спорт болон соёлын элитүүдийг удирдлагадаа оруулах замаар төрөлх нутагтаа туслалцаа үзүүлэх явдал юм. Энэхүү нэгдлүүд нь олон нийтийн өмнө нийгмийн үүрэг хариуцлага бий болгох чухал боломжийг олгох бөгөөд оронд нь нийгмийн зөвшилцлийг олж авдаг. НЗ-ийн гишүүдийн хэрэгжүүлдэг нийгмийн хариуцлагын үйл ажиллагааны хүрээнд Төрөөс үзүүлэх нийгмийн халамж нь өдөр тутмын амьдралд хүртээмжгүй байгаа тэр хэрэгцээг хангах ажлууд орно. Тэдгээрт албан тушаал ахиулах, бизнесийн харилцаа үүсгэх, тамирчин, поп дуучин, эсвэл зүтгэлтэй залуу оюутан зэрэг орон нутгийн авъяастнуудыг дэмжих болон настан буурлууд, эрүүл мэндийн асуудалтай байгаа иргэдэд халамж үзүүлэх зэрэг үйл ажиллагаанууд багтдаг.

Иймэрхүү байгууллагууд 1990-ээд оны эхнээс үүсэн бий болж эхэлсэн бөгөөд өнөөдөр сум, аймаг бүр томоохон суурин газарт төлөөлөл бүхий өөрийн гэсэн НЗ-тэй болсон байна. Нэг сумаас л гэхэд  хэд хэдэн хот, суурин газарт зэрэгцсэн үйл ажиллагаа явуулж буй НЗ байдгаас харахад, албан бус сүлжээний бараг хязгааргүй гэж хэлж болохоор нийгмийн сүлжээний матриц үүсэх боломжтой байна.

Нутгийн Зөвлөлийн сүлжээ

Нутгийн Зөвлөлийн сүлжээ. Эх сурвалж: ШХА, Засаглалыг дэмжих, Төвлөрлийг сааруулах хөтөлбөр

Миний судалгаагаар бол, НЗ-ийн гурван том шинж түүний хүчний онцлог хэлбэрт нөлөөлдөг байна. Эхнийхийг нь “Угсаатны ижилсэл гэхээсээ илүү орон нутгийн засаг захиргааны нэгж дагасан ижилсэл”  гэж нэрлэж болмоор. Үндсэрхэг өнгө аяс бүхий бичиг сурвалжид Увсыг ихэвчлэн газарзүйн байршлаар нь биш, харин угсаатан ястны ижилсэл, ялгарах онцлогоор нь тодотгон бичсэн байдгийг түүхээс олж харж болно. Угсаатны хувьд Увсын одоогийн хүн ам Дөрвөд, Баяд, Хотон, Мянгад, Торгууд, Илжигэн Халх ястнуудаас бүрддэг.  Дөрвөд, Баяд, Мянгад, Торгууд нар нь Ойрадын холбоонд багтаж байсан бөгөөд өдгөө Монголын баруун аймгууд, Тувагийн Бүгд Найрамдах Улс, Хятадын Шинжаан-Уйгурын Өөртөө Засах Улсын нутаг дэвсгэрт тархан амьдарч буй ястнууд юм. Ойрад хэмээх нэр нь тухайн үед Зургаан Түмэн Монголд харъяалагддаггүй, Монгол Хаадад татвар төлөх албагүй байсан, Халх бус овгуудаас  бүрдсэн холбоо болох Дөрвөн Түмэн Ойрад хэмээх нэршлээс гаралтай. Ойрадууд нь тусгаарт тооцогддог байсан бөгөөд зөвхөн улс гэрийг цогцлоох үүднээс “Дөчин  Дөрвөн Хоёр” гэж түүхнээ алдаршсан эвслийг бий болгохоор Халх Монголтой түр зуур нэгддэг байсан байна. Ойрадуудын Халх Монголчуудаас ангид байх улс төрийн ялгаралыг соёлын хувьд ч цаашид тодотгох оролдлогууд  байсныг Ойрадын нэрт соён гэгээрүүлэгч Зая Бандидын зохион дэлгэрүүлсэн Тод Бичиг хэмээх бие даасан бичиг, ард олны дунд түгэн тархсан Жангар тууль гэх мэт аман зохиолын бүтээлээс харж болно. Хэдий тийм боловч, хорьдугаар зууны эхэнд хийгдсэн засаг захиргааны хэд хэдэн удаагийн зохион байгуулалтын үр дүнд  тухайн үеийн Дөрвөд Далай Хан аймаг өнөөгийн Увс, Ховд аймгуудад хуваагдан, өнөөдрийн баруун аймгуудын гео-бүрдэл[2] үүссэн ажээ. Сүүлд, 1990 оноос Монголын сонгуулийн тогтолцоо засаг захиргааны нэгжүүдтэй уялдаатай болсноор улс төрийн үйл явц дахь орон нутгийн гүйцэтгэх орон зай үлэмж болсон байна.

Хоёрдугаарт, Увсын НЗ-үүдийг бүрэлдүүлж буй хүмүүсийн бүрдэл дээр анхааран төвлөрч, бүтцийг нь гадаад дахь Монгол оюутнуудын холбоод болох НЗ-ийн өмнөх хэлбэрүүдийн бичиг баримттай тулгаж, бүрэлдэхүүн, зохион байгуулалтыг нь харьцуулж үзлээ. Түүнчлэн, Увс шинж онцлог, Увс Хүн, UBS Нам зэрэг үзэл санаануудыг шинжилж, эдгээр ялгарах онцлогууд нь ярьж хэлж байгаа шигээ тогтвортой эсэхийг авч үзсэн болно. Дашрамд, “Увсынх” гэдэг энэхүү ойлголт тогтвортой, түүхэн угшилтай ижилсэл гэж ойлгож болохгүй юм. Харин эсрэгээр сүүлд бий болсон Увс Хүн[3]  гэх ойлголт ба Увс шинж онцлог нь хувирамтгай ба уян налархай, ихэнхдээ нутгийн элитүүдийн бий болгосон ойлголт ажээ.

Увс аймгийн Засаг дарга асан Э. Цасчихэр 2011 онд хэвлүүлсэн “Увс Хүн Хөгжлийн Хөтөч Загвар” хөтөлбөртөө жинхэнэ Увс шинж онцлогийн талаар бичсэн нь томоохон маргаан өрнүүлсэн байна.  Энэ талаар гарсан шүүмжлэлүүдийн ихэнхийг улс төрийн сэтгүүлчид[4] бичиж,  иймэрхүү үзэл санаа Монголчуудыг улам бүр талцуулж, улс төрийн сонгуулийн хүрээний засаг захиргааны нэгжүүдэд суурилсан жалга довны үзэл бий болгох аюултайг анхааруулж байв. Ийм шүүмжлэлүүд Sneath-ийн өгүүлэлд[5] дурдагдсан улс төрийн үйл ажиллагаа явуулах үүднээс засаг захиргааны нэгж-орон нутгуудад суурилж ялгаран талцах үзэл болох “нутаг-изм” буюу “нутгархах үзэл”-ийн эсрэг ихэвчлэн чиглэсэн байв. Увсаас Улаанбаатарт нүүн суурьшсан зарим ахмад үеийн элитүүдийн хувьд энэ үзэл жинхэнэ нутгийн нийтлэг гарал үүслийн талаарх утгатай мэт ойлгогдож болох талтай ч, НЗ-үүдийг бүрдүүлж буй хүн ам олон ястнаас бүрдсэн төдийгүй, ялангуяа аймагтайгаа шууд бус холбоотой байдаг улс төр, бизнесийн элитүүд дээр авч үзэхэд өнөөдөр ийнхүү нэг хэв загварт оруулах гэсэн ижилсэл бодитоор оршдоггүй нь тодорхой юм. Олон олон “Увсын алдартнууд” нь Увс аймагт төрөөгүй, харин Увсаас нүүн өөр газар суурьшсан иргэдийн үр хүүхэд байдгаас гадна Увстай холбогдох  гарлын холбоогоо эцгийн төдийгүй эхийн талаараа ч тайлбарлах нь хэвийн үзэгдэл байдаг.

Гуравдугаарт, энэ өгүүллийн гарчигт “албан бус” хэмээн оруулсан учраа тайлбарлая. “Албан” улс төрд бид улс төрийн хэлхээ холбоог ихэнхдээ улс төрийн тодорхой харъяалал бүхий нам болон бусад дэд бүлгүүдээр ажиглаж болдог. Орон нутгийн шинж онцлог ба нутгархах сэтгэлгээг дэмжигч энэхүү  “албан бус” улс төрийн нэгдлүүд  нь нийгэм дэхь хүчээ байнга хадгалах үүднээс наанаа нэгдмэл мэт төрхийг харуулж байдаг. Би Увсын НЗ-үүдэд ийм нэгдмэл байдал үнэхээр байдаг эсэхийг, эсвэл зөрчил тэмцэл, эвслүүд давамгайлж байдаг эсэхийг шинжлэхийг зорьж, эдгээр асуудлыг олон нийтийн томоохон арга хэмжээ, баяр ёслол болон тэдгээрийн санхүүжилтийг судлах замаар авч үзсэн болно. Жишээлбэл, судалгаанд минь оролцсон Увсын бус гаралтай олон хүмүүс Увсынхан хоорондоо хачин их эв нэгдэлтэй, сүлжээ сайтай байдгийг шагшин ярих нь олонтаа байв. Цагаан сарын золголт, бөхийн барилдаан, морины уралдаан зэрэг чухал баяр ёслолд Монголын гол хоёр намын төлөөлөл гишүүд идэвхтэйгээр оролцдог байна. Тэд иймэрхүү үйл ажиллагаануудад хамтран хөрөнгө босгож, Увстай холбоотой олон нийтийн аливаа арга хэмжээнд санаа нэгтэйгээр оролцож байдаг. Гэвч наанаа санаа зориг нэгтэй мэт харагдавч, цаана нь улс төрийн эвслийн дагуух хүчний хуваагдал ажиглагдана. НЗ-үүдийн дэд бүтцүүд болох Бөхийн болон Морины Галууд  нь томоохон НЗ-ийн удирдах зөвлөлийн хүрээн дэх фракцуудын хооронд хүчний хуваагдал үүсгэх, тэнцвэр хадгалах зорилгоор байгуулагдаж байдаг. Бөх, морины уралдаантай холбоотой үйл ажиллагаануудад ийнхүү анхаарал хандуулж байдаг нь үйлдлийн шинж чанартайг нь илтгэж байгаа тул элитүүдийн хуваарилж, тараахыг зорьж буй билэгдлийн чанар бүхий хүчтэй холбогдож болох юм .

Эдгээр ажиглалтууд дээр үндэслэн тэмдэглэхэд, иймэрхүү албан бус байгууллагуудыг улс төрийн хүчин хуваарилагдсан соёлын хэлбэрүүд гэж үзэж болохоор байна. Хэрэв эдгээр байгууллагуудыг нарийвчлан шинжилвэл, орон нутгийн түвшинд улс төрийн хүчин хэрхэн үйлчилж байдгийг тогтоож  болох юм. Орон нутгийн улс төрд үндсэрхэг үзэл, цаашлаад жалга довны бичил буюу орон нутгийн үндсэрхэг үзэл давамгайлсан дискурс зонхилж байгаа нь олон нийтийг ч, элитүүдийг ч “нутгийн” улс төрөөс зайлсхийхэд бэрхшээлтэй болгодог. Минийхээр бол, уугуул нутгаа хүлээн зөвшөөрөх энэ нийгмийн үүргээс татгалзах юм уу үгүйсгэх нь ихэнх хүмүүсийн хувьд санаанд ч оромгүй хэцүү зүйл учраас эдгээр байгууллагуудын  энэ өвөрмөц хэлбэрийн идеологи  ихэд амжилттайгаар хүчээ авсаар байна.

Эдгээр гол НЗ-үүдээс гадна Бөхийн Гал ба Хурдан Морины Гал гэсэн бичил бүтцүүд байгаа бөгөөд энэ хоёр хоёулаа гол НЗ-тэйгээ ижил түвшинд үйл ажиллагаа явуулж байна. Тэд томоохон ёслол зохион байгуулах буюу хэрээс хэтэрсэн бэлэг солилцож байдаг. Энэ зураг дээр Нутгийн Зөвлөлийн ТУЗ-ийн гишүүн, “Увс Нуур” Бөхийн Галын тэргүүн гарсан байна. Эх сурвалж: Uvsvnutag.mn

Эдгээр гол НЗ-үүдээс гадна Бөхийн Гал ба Хурдан Морины Гал гэсэн бичил бүтцүүд байгаа бөгөөд энэ хоёр хоёулаа гол НЗ-тэйгээ ижил түвшинд үйл ажиллагаа явуулж байна. Тэд томоохон ёслол зохион байгуулах буюу хэрээс хэтэрсэн бэлэг солилцож байдаг. Энэ зураг дээр Нутгийн Зөвлөлийн ТУЗ-ийн гишүүн, “Увс Нуур” Бөхийн Галын тэргүүн гарсан байна. Эх сурвалж: Uvsvnutag.mn

 

Энэ материал 2015 оны 10 сард  Америкийн Монгол Судлалын Төвд хийсэн илтгэлээр хэлэлцэгдсэн бөгөөд нийтлэгдэх төлөвлөгөөтэй байгаа болно. 

 [1] Судалгааны баг нь Helvetas Swiss Interco-operation байгууллагын 2 судлаач болох Сара Бирн, Жэнс Ингэли болон МУИС-ийн Антропологи, Археологийн Тэнхимийн Д. Бум-Очир, И. Бямбабаатар болон миний биеийн оролцоотой судалгааны 3 туслахаас бүрдсэн болно.

[2] “Гео-бүрдэл” нэршлийн талаар Winichakul, Thongchai-н 1994 онд бичсэн Siam Mapped: A History of the Geo Body of a Nation (Сиамын зураглал: Үндэстний Гео-Бүрдэл Бүтсэн Түүх) бүтээлээс харж болно (Honolulu: Univ. of Hawaii Press). Тэрээр Сиам-төвт өнөөгийн Тайланд улс хэрхэн бүрэлдсэн тухай, энэ явцад нийтлэг хэв шинж бүхий Тай онцлогийг бий болгохын тулд жижиг вант улс, угсаатны бүлгүүд хэрхэн алга болсон тухай бичсэн.

[3] Увс аймгийн Засаг дарга асан Э. Цасчихэрийн гаргасан “Увс хүн Хөгжлийн хөтөч загвар” хэмээх сүрлэг хөтөлбөрт Увс Хүн гэдэг нэршил бий болжээ. (Интерном, 2011).

[4] Увс аймгийн одоогийн Засаг дарга Д. Цэндсүрэнтэй Б. Энхзаяагийн хийсэн ярилцлага, “Увс хүн” сайн бүтээл, нэр нь буруу байсан юм”, www.polit.mn, 2014

[5] David Sneath, “Political mobilization and the construction of collective identity in Mongolia”, (Монголд улс төрийн үйл ажиллагаа явуулах ба олон нийтийг хамарсан онцлог шинж цогцлоох нь) Central Asian Survey, 2010

 

One Response to “Нутгийн Зөвлөл ба Албан бус Улс төрийн Хүч”

  • 1
    casinocommunity wrote on 2 March 2023:

    Looking at this article, I miss the time when I didn’t wear a mask. casinocommunity Hopefully this corona will end soon. My blog is a blog that mainly posts pictures of daily life before Corona and landscapes at that time. If you want to remember that time again, please visit us.